БНСУ-ын төв нутагт үер болж байгаатай холбогдуулан ЭСЯ-наас Монгол иргэддээ сэрэмжлүүлэг гаргажээ

БНСУ-ын Сөүл хотын ойролцоох бүс нутагт сүүлийн 80 жил дэх хамгийн хүчтэй аадар бороо өчигдөр орж аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “ноцтой” түвшинд хүргээд буй. Үүнтэй холбоотой БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монгол иргэдэд зориулан сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны наймдугаар сарын 8-ны орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсэн долоон хүн нас барж, зургаан хүн сураггүй болоод байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүллээ.

Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл бий болоод байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байна уу” гэжээ.

Өмнөд Солонгост Монголын 42 мянга гаруй иргэн байдаг бөгөөд хууль бусаар 10 мянга гаруй хүн байдаг гэх албан бус судалгаа байна. Иймд тус улсад байгаа иргэд үер усны болзошгүй аюулаас сэрэмжилж яаралтай тусламж хэрэгтэй нөхцөлд Элчин сайдын яаманд хандах боломжтой” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn