Ван И: Монголын ард түмэнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна

2022-08-08

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Монгол Хятад хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хоёр талын хүчин чармайлтаар цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлж байгаад баяртай  байна.

Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд өндөр түвшний айлчлалын давтамжийн хэмжээг хадгалах, эдийн засаг бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцлаа. Мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Цаашид найрсаг хөршийн хувьд харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт урт хугацаанд тогтвортой явах нөхцөл бүрдэж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Хоёр талын худалдааны эргэлт 2021 онд 10 тэрбум ам.долларт хүрснийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.

Гашуунсухайт Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд нүүрсийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.

Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудлыг Хятадын тал анхааралдаа авч, дотооддоо ярилцахаар тохиролцлоо. Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлээх асуудлаар ярилцлаа.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг танхимаар хичээллүүлээр тохиролцож, иргэдээ харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулан сэргээхээр тохиролцлоо.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И:

Таны урилгаар Монгол Улсад айлчилж буйдаа таатай байгаагаа илэрхийлье. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, хэд хэдэн асуудлаар санал солилцож, манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх олон чухал асуудлыг ярилцлаа.

Хоёр жилийн дараа талын Монгол улсад айлчилж буйдаа таатай байна. Улаанбаатарын хотын сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад баяртай байна. Монголын тал нутагт маш их эрч хүчийг мэдэрлээ.

Хятадын Засгийн газар Хятад-Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгааг дахин нотолъё. Манай улс Хятад Монголын харилцааг өөрийн гадаад харилцааны тэргүүн эгнээнд тавьж байгааг дуулгая.

Хоёр улсын удирдагч нар бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж ирсэн билээ. бид бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж ирсэн байна. Бусад орон Хятадын Тайвань, Шинжаан, Түвд зэрэг Хятадын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж байна.

Гашуунсухайт-Ганц модны боомтыг төмөр замаар холбох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь Монгол Улсын хөгжилд томоохон ахиц авч ирнэ гэж бодож байна.

Холбоотой мэдээ