
Хурлыг ӨМӨЗО-ны Цөөн тоот үндэстний судар бичиг цуглуулан эмхтгэж судлах тасгийн дарга Соёлт даргалж, Ордос хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн орлогч дарга Баянчимэг, ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн орлогч дарга Юн Гүөшэн, Хятадын НШУА-ын Үндэстний утга зохиол судлах газрын орлогч дарга Сэцэнбат нар үг хэлжээ.
Хятадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, ӨМӨЗО-ны аймаг хотуудын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч гэхчилэн 70 гаруй хүн хуралд оролцжээ.
Мөн ШУӨЗО, ӨМӨЗО, Хөхнуур, Гансу, Бээжин зэрэг ӨЗО, муж, хотын эрдэмтэд тусгай сэдэвт 61 илтгэл дэвшүүлж, гуч шахам өгүүллийг хурлын үеэр хэлэлцсэн байна. Төвийн үндэстний их сургууль, Өвөр монголын их сургууль, Шиньжяны их сургууль, Баруун хойдын үндэстний их сургууль, Хөхнуурын үндэстний их сургууль, Өвөр монголын багшийн их сургууль, Өвөр монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Хөххотын Үндэстний дээд сургууль, Бортохойн дээд сургуулийн судлаачид болон Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн аймаг, хошуудын удирдлагууд, дунд бага сургуулийн багш нар Жангар туульд тусгагдсан үзэл санаа, судалгааны түүх, жангарчид, текст, бар хэвлэл, хэлзүй, баатрын дүр, соёл болон орчуулгын судлал гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийжээ.
Хятадын Жангар судлалын нийгэмлэгийн дарга Сэцэнбат “Жангарын гайхамшиг нь юундаа байдаг вэ”, ӨМИС-ийн Мөнхзаяа профессор “Жангар” бол идэг идгээр гүнзгийрэх системт инжежерэнг” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна. Салбар хуралдаанд Д.Таяа, Б.Мөнхөө, Д.Мөнхөө, Т.Өлзийсан, Үжин нарын 50 шахам эрдэмтэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлжээ.
Хурлын хаалтын ёслолыг Хятадын “Жангар” Судлалын Нийгэмлэгийн дарга, Хятадын НШУА-ын Үндэстний утга зохиол судлах газрын орлогч дарга Сэцэнбат даргалж, Хятадын “Жангар” Судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хятадын НШУА-ийн Үндэстний утга зохиол судлах газрын дэд судлаач Юй Лань, Баруун хойдын Үндэстний их сургуулийн Цөөн тоот үндэстний хэл утга зохиолын дээд сургуулийн орлогч дарга Б.Мөнхөө нар хоёр салбар хуралдааныг тус тус дүгнэж, ӨМИС-ийн Жангар судлалын төвийн дарга, профессор Д.Таяа эрдэм шинжилгээний хурлыг ерөнхийд нь хураангуйлан дүгнэв.
Энэ удаагийн хурал нь Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний санаачлагаар Хятадын гурван том баатарлаг туулийг хамгаалах, уламжлуулах чиглэлээр хийж байгаа ажлын нэг хэсэг бөгөөд энэ нь Хятадын үндэстнүүдийн нэгдмэл ухамсрыг цогцлоож Жангар туулийг хамгаалан уламжлах, үндэстний хоорондох харилцаа холбоог нягтруулахад гүнзгий ач холбогдолтой арга хэмжээ болсон гэнэ.