Гадаадаас ирэх иргэдийн анхааралд: Онгоцонд тарааж өгсөн “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг заавал бөглөнө

Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Covid-19-ийн омикрон BA4, BA5 хувилбарын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байна. Түүнчлэн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин таван бүсийн 69 улсад бүртгэгдээд байна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс гадаадаас ирж буй иргэд заавал “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр болжээ. Зорчигчид агаарын хөлөгт тарааж өгсөн “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг үнэн зөв бөглөн Хилийн нэвтрэх цэгт шалгуулан хураалгана.

ХИЛИЙН ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУДАС БӨГЛҮҮЛНЭ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр сармагчны цэцэг өвчин олон улсад гэнэт бүртгэгдэж эхэлсэн. Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд энэ төрлийн халдварт өвчнийг түрүүлж оношилж, мэдээлээд явж байгаа. Монгол Улс бол Номхон далайн баруун бүст харъяалагддаг. Энэ бүс нутгийн улс орнуудад тус халдварт өвчин бүртгэгдсэн.

Сармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдлийн үнэлгээг гурван удаа хийсэн.

Дотоодод хийсэн гурван эрсдэлийн үнэлгээний хоёрт нь Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр гарсан юм. Мөн энэ сараас эхлэн омикроны тархалт өсч байгааг анхааруулсан. Иймд Covid-19 болон сармагчин цэцэг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд хилийн хяналтыг чангатгаж, эхний ээлжид эрүүл мэндийн хуудас бөглүүлж  эхэлж байгаа юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn