О.Амгаланбаатар: Цус ойртолт их байгаа тул сумдын залуусыг хооронд нь танилцуулах уулзалт хийнэ

2022-08-03

Говь-Алтай аймаг  энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа аж. Энэ талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлийн 30 жилд хөдөө орон нутагт хүний хөгжлийн асуудал хаягдсан. Ялангуяа гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдсон. Хөдөө орон нутгийн иргэд хүүгээ мал дээр гаргах, эмэгтэй хүүхдээ боловсролтой болгох хандлага их. Өнөөдөр хөдөө орон нутагт хүйсийн харьцаа алдагдсан. Залуучуудтай уулзалт хийхэд тэд хоорондоо танилцах, уулзах боломжоор хангаж өгөх хүсэлт ихээр гаргадаг. Иймээс гэр бүл зохиож амжаагүй ганц бие залуучуудыг танилцуулах зорилгоор “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

Говь-Алтай аймгийн нэг хүндрэлтэй асуудал нь цус ойртолт. Монгол Улсын хэмжээнд цус ойртолт манай аймгийн хэмжээнд хамгийн өндөр байна. Тиймээс сумдын залуусыг хооронд нь танилцуулах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм” гэлээ.

Одоогоор тус үйл ажиллагаанд оролцохоор 300 гаруй хүн бүртгүүлээд байгаа бөгөөд ирсэн бүх залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэлээ. Мөн энэ үеэр гэр бүл төлөвлөлтийн талаар зөвлөгөө өгөхөөс гадна МАА-н бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар мэргэжлийн эдийн засагчид сургалт орох юм байна.

Холбоотой мэдээ