
Өмгөөлөгч Б.Баасанцогт нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Түүнд бусдыг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн асуудалд хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татсан.
Зам тээврийн сайд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг хэргээ наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.
Өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэх асуудалд нэр бүхий таван хүнийг саатуулсан талаар мэдээлж байсан. Иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр бусдын эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байсан юм.
Тэгвэл энэ хэрэгтэй А.Гансүх, Б.Баасанцогт нарыг холбогдуулан шалгаж байгаагаас гадна төв талбай дээр суулт зарлах болсон Тусгаар тогтнол хөдөлгөөнийг тэд санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага үзэж байгаа гэнэ.