АН-ын буурин дээр эрт галавын “динозавр” Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нар МоАН-МҮДН-ыг сэргээх гэнэ

Ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас нэр дэвшигчид тодроод байгаа. Гэвч АН хоёр хуваагдаж, тэрхүү хоёр тал хоёул өөр өөрийн нэр дэвшигчийг тодруулж, Аудит, СЕХ-нд бүртгүүлэхээр бичиг, баримтаа хүргүүлсэн. Бичиг баримтаа хүргүүлээд зогсохгүй ажлаа хийж байгаа төрийн албаныхныг манай нэр дэвшигчийг бүртгэхгүй бол хэмээн заналхийлж сууна.

Ингэтлээ муудсан тэднийг Ард Аюуш кинонд гардаг шиг “Шахаанд” оруулахаас нааш үнэн мөн нь тодрохгүй бололтой. Үнэхээр Аюуш шиг олныхоо төлөө тэмцэгч байхгүй учраас бас л хэцүүдэх байхдаа.

За энэ ч яахав. Ардчилсан намынхан хоёр хуваагдлаасаа бүр цаашид жижгирч эхлэж байна. Өчигдөрхөн Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын хэдэн нөхдүүд уулзан МоАН-МҮДН фракц байгуулахаа сошиалаар зарлаж байх юм. Ийнхүү ардчилал анх эхэлсний дараахан байгуулагдсан хоёр намын хууцчуул ахиад л улстөрд гарахаар уухайлж эхлэх нь энэ.

Тэрхүү уулзалтад экс МҮДН-аас Р.Амаржаргал тэргүүтэй Н.Гарамгайбаатар, ХХБ-ны С.Мэдрээ нар, МоАН-аас жүжигчин Д.Сосорбарам, Ч.Куланда нар лав байлцаж. Тэд тун удахгүй фракцийнхаа тунхаг бичгийг олонд хүргэх юм гэнэ.

Р.Амаржаргал нар ийнхүү нийлсэн нь С.Эрдэнэтэй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд өрсөлдөөд ялагдсантай нь холбоотой. Тэр С.Эрдэнийг хусаад ч муу нэр нь арилахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр энэ удаа “Одоо сайн муугаараа ялгарч, нэг талдаа гарах цаг болсон” гэж байгаа аж.

Энэ тухай сошиалаас мэдсэн ардчиллынхан төдийгүй жирийн иргэд олноороо боль, та нар явж ач, зээгээ хар гэлцэж байна.

Гэвч ийнхүү хоёр хуваагдсан АН-д хуучин байсан фракцууд сэргэх бололтой. Өмнө нь АН байгуулагдсан цагаасаа бүр 31 жилийн өмнөх угшлаараа Соцдек, МоАХ, Мүдняк гэж хуваагддаг байснаараа ялгарах бололтой.

Гэхдээ МоАХ-г сэргээхэд хэцүү. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга С.Эрдэнээс 2007 онд МоАХ-г авсан. Одоо ч тавиагүй байгаа. Харин соцдекүүдийн хувьд зарим нь салж А.Ганбаатарын тэргүүлдэг МСДН-д байгаа бол нэг хэсэг нь, МАН болон бусад фракцийнхантай хамтдаа Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нарын тэргүүлсэн “Алтангадас” фракцад багтаж байсан юм.

Тус фракцаас хожим “Шонхор” фракц тусгаарласан бол, зарим нь фракцаа орхиж хонгил байгуулсан гэх Ц.Элбэгдоржтой нийлсэн билээ. Тэд ч мөн удахгүй өөрийн фракцийн үүр оромжоо босгох нь тодорхой мэт ээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ