Шүүх өнөөдөр АН-ын тамганы маргааныг дуусгаж, нэр дэвшигчийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлээсэй

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж Аудит болон СЕХ-нд бүртгэхийг хүссэн хүсэлтээ хүргээд байгаа.

Гэвч АН хоёр хуваагдсаны улмаас хоёр тал тус бүр нэр дэвшигч тодруулж бүртгүүлэхийг хүсч буй. Энэ бүхэн АН-ын хоёр талын хэнийх нь тамга хүчинтэй гэдэг асуудал бий. Үүнийг шийДЭХ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр 13.30 цагаас АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэх тов тогтоогоод байна.

Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ  2020 оны  арванхоёрдугаар сарын 21-ний өдөр УБЕГ-т Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж, С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон ажээ.

Үүнийг АН-ын нөгөө тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Энэхүү гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болгосон байдаг.

Тиймээс хоёр талын тамга хоёулаа хүчингүй болсон. Харин энэ удаа энэхүү тамганы маргааныг дуусгаж, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг СЕХ бүртгэж аваасай хэмээн олон хүн хүсч байна.

Уг нь шүүх энэхүү маргааныг шүүх хуралдааныг энэ сарын 10-ны үеэр товлосон байсан ч ийнхүү наашлуулсан байна.

Тиймээс АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх боломжийг олгох гэж байна хэмээн найдаж байгаа нь энэ аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ