Ирэх сард НҮБ-ын дарга Антониу Гутерриш, БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И нар Монголд айлчилна

Ирэх сард Монгол улс гадны томоохон зочидтой байх нь. Наймдугаар сарын 5-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Монголд хоёр өдрийн хугацаатай албан ёсны айлчлал хийхээр болсон.

Ван И-гийн айлчлалын хүрээнд эрчим хүчний төслүүдийн санхүүжилт болон нүүрсний тээвэрлэлт, төмөр замын холболт, хил гаалийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Багануурын цахилгаан станцын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх талаар урьдчилсан таамгууд явж буй. Эдгээр цахилгаан станцын санхүүжилтийн асуудал шийдэгдвэл бүтээн байгуулалтын ажлыг энэ намраас эхлүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

Монгол Улс БНХАУ-тай өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байгаа аж. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 98, БНСУ-д экспортолсон барааны 68.2 хувийг алт эзэлсэн байв. Экспорт өнгөрсөн онд өмнөх оныхоос 1.7 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд зэсийн баяжмалын экспорт 1.1 тэрбум, нүүрсний экспорт 652.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Хятадын ГХ-ийн сайдын энэхүү айчлал олон нийт төдийгүй дэлхийн томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж байгаа. Учир нь Ван И өмнөх айлчлалаараа манай хэдийг сүрдүүлээд буцсан гэдэг. Түүний айлчлалаас хойш Монгол улсын эдийн засагт асар их дарамт учирч, импорт зарим үед зогсож байсан.

Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Монголд айлчлах тов гарчээ. Гутерриш наймдугаар сарын 8-нд манай улсад анх удаагаа айлчлах нь.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо тэрбум мод тарих амлалтыг олон улсын өмнө өгсөн. Мөн таранзит Монгол болохоо амалсан.

Наадмын өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Улаанбаатарт нэг өдрийн айлчлал хийсэн билээ. Тэрбээр Монголд айлчлал хийхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхсан. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, айлчлалын үеэр яригдсан асуудлын талаар мэдээлэл өгсөн билээ.

С.Лавров “Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага/ШХАБ/, Европын Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн” талаар онцолсон бол Б.Батцэцэг сайдын зүгээс хоёр улсын зүгээс хамтарсан үйлдвэрүүд байгуулах, тээвэр ложистикийн чиглэлд хамтран ажиллах сонирхол байгааг тодотгоод “ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн төмөр замаар манай улсын баруун болон зүүн талаар хоёр хөрштэйгөө холбогдох коридоруудын асуудлыг ярилцлаа.Мөн эрчим хүчний салбарт эрчим хүчний объектуудын шинэчлэл, өргөтгөлийн хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд нар сансар судлалын салбарт хамтын ажиллагааг сэргээх, ерөнхий боловсролын сургууль байгуулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар тохирсон” талаар мэдээлсэн.

С.Лавровын айлчлал ихээхэн шүүмжлэл дагуулж, АН-ынхан түүнийг эсэргүүцэж хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө эсэргүүцлийн жагсаал хийж байлаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn