ЗГ: Намрын ургац хураалтад зориулж нөөц сангаас 5 тэрбумыг гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН  мэдээллээ.

Тэрбээр “Улсын хэмжээнд нийт 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянга га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тариалж, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд ургацын урьдчилсан баланс гарна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байна.

Хаврын тариалалт ба ургац хураалтад 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Засгийн газраас намрын ургац хураалтыг бэлтгэхэд 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газрын нөөц сангаас таван тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэ татаасыг бид ургац хураалтын гүйцэтгэлээр хүнсний ногоо, төмс, улаан буудайн ургац хураалтын балансын дүнгээр олгохоор болж байна.

Өнгөрсөн хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарсан. Үүнтэй холбоотой хоёр тогтоолыг баталсан юм.

Энэ жил их, дээд сургуулийн оюутнуудыг ургац хураалтад оролцуулж, сургалтын кредит цагийг тооцох системийг боловсруулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай ажлын хамтарсан хэсэг байгуулсан. Нийт 10-15 мянган оюутныг ажиллах хүчээр бэлтгэнэ. Мөн орон нутгийн шинж чанартай, ургац хураалтад ашиглагддаг зам засварын ажлыг холбогдох сайд нарт даалгасан. Намрын ургац хураалттай холбоотой техник, тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх ажлыг холбогдох сайд нарт даалгасан.

Энэ жил бүх нутгаар зуншлага сайн байгаа хэдий ч Дундговь аймагт зуншлага оройтож, малын тарга тэвээрэг төдийлөн сайн биш байна. Тэгэхээр зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ерөнхий сайдын даалгаврын дагуу Засгийн газрын тогтоол гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдаар ахлуулсан ажлыг хэсэг улсын хэмжээнд зудын эрсдэлийг гаргаж, дүгнэлт хийнэ.

Мөн энэ жил нийтдээ 67.7 сая толгой мал тоолуулж, 24 сая төл хүлээн авсан нь сүүлийн таван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 91 сая толгой мал бэлчээрлэж байна. Малын зүй бус хорогдол 1.6 сая байдаг бол энэ жил 118 мянган толгой болж буурсан гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn