Ч.Хүрэлбаатарыг Н.Алтанхуягт баяр хүргэсэнгүй гэж О.Цогтгэрэлийн АН гомдоллов

Энэ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулаад буй. Харин АН-ын хоёр тал нэг, нэг нэр дэвшигч тодруулсан. АН хоёр даргатай учраас хоёр талаасаа С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлсэн нь энэ. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид, тэр дундаа С.Эрдэнэ нарт сошиал хуудсаараа дамжуулан амжилт хүссэн байна. Гэтэл үүнд нь гомдсон Ц.Тувааны буюу О.Цогтгэрэл даргатай АН Н.Алтанхуягийг дэмжсэнгүй хэмээн гомдож мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдлээ МАН-ын Удирдах зөвлөлд хэмээн хаягласан байна.

Мэдэгдэлд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар “Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж дууслаа. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшихээр болжээ. Монгол төрийн тэргүүний хариуцлагатай сонгуульд нэр дэвшиж байгаа та бүгдэд амжилт хүсэе” гэж өөрийн цахим хуудсанд нийтэлсэн. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүний хариуцлагатай албан тушаалтны олон нийтийн сүлжээнд тавьсан энэхүү худал мэдээлэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийн оролдсон, хараат бус бие даасан байдалд нөлөөлөх гэсэн оролдлого гэж бид үзэж байна. МАН-ын Удирдах зөвлөл гишүүнээрээ дамжуулж АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээн үзэж байгаагаа албан бичгээрээ дамжуулжээ.

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариуд нь “АН-ын УЗ-өөс намайг тэдний дотоод асуудалд оролцлоо гэж. Уучлаарай хэн нэгэнд сонгуульд нь амжилт хүсч болохоо больсон цаг уу. Над дээр долоон удаа хориг тавьдагтайгаа адилхан дарамталж байгаад надаар Н.Алтанхуягт хүчээр амжилт хүсүүлэх гэж байгаа бол яршиг л байна. Бага доромжлоорой. Эдийн засгийн алуурчинд амжилт хүсдэг эргүү нь би биш.  Харин С.Эрдэнэ бол 2019 оноос хойш дарангуйллын эсрэг, ардчиллыг хамгаалан АН-аас бараг ганцаараа дуугарч ирснийг нь би мэднэ. Тийм учраас би түүнд хүндэтгэлтэй ханддаг, амжилт хүссэн. Хэнд амжилт хүсэхээ би өөрөө мэдье” хэмээх хариуг нүүр номоороо дамжуулан өгчээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ