
Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. ОХУ-аас олон тооны цэрэг оруулж ирснийг эсэргүүцэж, эрх баригчдыг тайлбар хийхийг шаардаж буйгаа илэрхийлэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр ” Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ОХУ-аас олон тооны цэрэг орж ирсэн тухай, цаашлаад Монгол Улсад хамтарсан хээрийн сургуулилалт хийх мэдээлэл явж байна. Батлан хамгаалах, Засгийн газар таг чиг байгаа юм. Манай орон дайтаж байгаа аль нэг улсын талд ордоггүй бодлоготой улс. Гэтэл бид хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголт өгнө. Дайтагч аль нэг улсын талд байгааг харуулах гэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой.
Өмнө нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжих зорилготой сургуулилалт болдог байсан.
Дараагийн нэг асуудал бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. Үндэсний статистикийн хороо Монголын инфляц 16 хувьтай байна гэж худлаа ярьж байгаа. Энэ дүн 20-оос дээш хувь гарсан. Хүмүүсийн авч байгаа цалин юу ч биш болж хувирлаа.
Иргэдийн амьдрал дордсоор байхад эрх баригчид найр наадам хэсэж, одон медаль тараахаасаа ичихгүй байна уу? Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж бариад сууж байна. Удахгүй та нар ууртай ард түмэнтэйгээ нүүр тулна” гэв.