Өнөөдөр: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 1994 оноос хойш жил бүрийн 5-р сарын 3-ны өдөр тэмдэглэж иржээ.

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 1991 оны 26-р чуулганаас баталсан зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тунхагласан юм.

Энэ өдрийг тэмдэглэх санаачилга нь Африкийн орнуудын бие даасан хэвлэлийн төлөөлөгчдөд хамаатай аж. 5-р сарын 3-ны өдрийг санамсаргүй байдлаар сонгоогүй байна. 1991 оны энэ өдөр Намибийн нийслэл Виндхук хотод Африкийн орнуудын хараат бус хэвлэлийн төлөөлөгчид Африкийн хараат бус, олон ургальч үзлийг сурталчлах тухай Виндхукийн тунхаглалыг баталж, дэлхийн улс орнуудын засгийн газруудад хэвлэлийн эрх чөлөөг хангахыг уриалсан байдаг.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь хэвлэлийн эрх чөлөөний талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, дэлхийн олон арван оронд хэвлэл мэдээллийн хэрэгслийг цензур, торгууль, албадан хааж, үйл ажиллагааг нь зогсоох, сэтгүүлч, редактор, хэвлэн нийтлэгчдэд дарамт, халдлага хийхийн эсрэг, хууль бус баривчилгаа, тэр байтугай аллагын хохирогчид болгодог байдлын эсрэг тэмцлийн өдөр юм.

Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, дэлхийн өнцөг булан бүрт хэвлэлийн эрх чөлөөний байдлыг үнэлэх санаачлагыг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх боломжийг олгож байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2021 онд “Мэдээлэл нь нийтийн сайн сайхны төлөө” уриан доор явагдаж байна.

2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн зорилго нь олон нийтийн ашиг сонирхлын үүднээс баталгаажуулсан мэдээлэл болгон мэдээ бүтээхэд сэтгүүлзүйн онцгой үүрэг ролийг онцлох явдал юм.

COVID-19 цар тахлын хямрал нь дэлхийн хэмжээнд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн амин чухал үүрэгтэй болохыг улам тодотгож буй. Мэдээллийн хэрэгслүүд (үүнд хэвлэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, радио, аналоги эсвэл тоон платформ орно) -ээс гаргасан мэдээлэл нь мэдээллийн хүчирхэг эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд цар тахлын эргэн тойронд байгаа асуудлыг ойлгоход ихээхэн хувь нэмэр оруулсаар байгаа билээ.

1993 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бага хурлыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулж ирсэн бөгөөд сэтгүүлчид, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөгчид, үндэсний эрх баригчид хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцдэг байна.

2021 онд уг арга хэмжээг онлайнаар зохион байгуулж байна.

1986 онд нас барсан Колумбын сэтгүүлч Гильермо Каногийн нэрэмжит ЮНЕСКО-гийн Чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн дэлхийн шагналыг гардуулах ёслол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулагджээ. Шагналыг 1997 оноос олгож эхэлсэн байна.

Энэхүү шагналыг дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагад жил бүр гардуулдаг, ялангуяа ийм үйл ажиллагаа нь эрсдэл, хариу арга хэмжээ авах тохиолдолтой учрах нь элбэг.

2007 онд Оросын сэтгүүлч Анна Политковская нас барсны дараа шагналыг хүртээсэн.

2019 онд 2017 оны 12-р сард Янгон хотод баривчлагдах үедээ Ройтерс агентлагт ажиллаж байсан Мьянмарын сэтгүүлчид болох Ко Ва Лоне, Ко Кяв Сое Оо нарт уг шагналыг гардуулжээ. Мьянмарын шүүх тэднийг улсын нууцын тухай хууль зөрчсөн гэм буруутайд тооцож, долоон жилийн хорих ял оноосон байна.

Колумбын эрэн сурвалжлах сэтгүүлч Жанетт Бедояа Лима бол 2020 оны Гильермо Каногийн нэрэмжит шагналын эзэн болжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ