Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг Зүүнбаян-Тавантолгойн төмөр замаар тээвэрлэдэг болно

Сайжруулсан шахмал түлшний мидлингийг төмөр замаар тээвэрлэдэг болох гэж байгаа тухай Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.

Тодруулбал Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан сайжруулсан шахмал түлшний мидлингийг төмөр замаар тээвэрлэх ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна. Ажлын хэсэгт Эрчим Хүчний Яам, Зам Тээврийн Хөгжлийн Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Тавантолгой түлш ХК зэрэг холбогдох албаны удирдах албан тушаалтнууд багтжээ.

Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам компанийн төлөөллийг байлцуулан мидлинг түүнийг ачиж, буулгах талбай болон төмөр замын өртөөнүүдэд ажиллаж байна.

2022-2023 оны өвөл 690 мянган тонн/мян.тн/ сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарчээ

Мидлингийг энэ жилээс төмөр замаар тээвэрлэнэ. 2022-2023 оны өвөл 690 мянган тонн/мян.тн/ сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарчээ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн халаалтын улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас 200 мян.тн сайжруулсан шахмал түлшний нөөцийг 2022 оны аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрдүүлэх үүрэг өгчээ. Энэ дагуу “Тавантолгой түлш” ХК-аас баруун үйлдвэрт дөрвөн шугам ажиллуулан нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад 2022 оны долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 56,710 тонн түлш нөөцөлсөн байна.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотой “Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эд мидлингийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Тавантолгой өртөө” дээр ачилтын талбайн байршлыг тодорхойлох, барилга угсралтын ажлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ.

Энэхүү ачилтын талбай ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/-ийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэж байгаль орчинд сөрөг нөлөөгүй, авто замд эвдрэл гэмтэл, нөлөө үзүүлэхгүй тээвэрлэх ач холбогдолтой бөгөөд түүнчлэн мидлингийн тээврийн зардал буурах, тээвэрлэлтийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм байна.

Төмөр зам бүрэн ашиглалтад орох буюу 2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл 100 мян.тн мидлингийг авто замаар тээвэрлэх юм. Иймд Дундговь, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын удирдлагуудтай албан уулзалт хийж, зөвшилцжээ.

Тээврийн явцад хамтарсан хяналт, шалгалт хийх, даацыг зохистой хэмжээнд барих, аюулгүй байдлыг хангах, урт цуваа үүсгэхгүй, байгалийн гэрэлтэйд тээвэр хийх зэрэгт санал нэгдэв.

Эх сурвалж: ЭХЯ


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn