
Ирэх сарын 1-нээс эхлэн 5-11 насны хүүхдүүдэд ковидын вакциныг тарьж эхэлнэ гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
ВА4, ВА5 хувилбаруудын шинж тэмдэг ижил боловч ВА5 хувилбарын халдварлах чадвар өндөр байна. Манай улсад энэ хувилбаруудын эзлэх хувь 10 байгаа бөгөөд цаашдаа 80-90 хувьд хүрэх магадлалтай талаар ЭМЯ-наас мэдээлсэн юм.
Омикроны BA4, BA5 хувилбараар өвдсөн тохиолдолд хоолой өвдөх, халуурах, үе мөч өвдөх, тасралтгүй ханиалгах зэрэг шинж тэмдэгүүд нийтлэг илэрч байна. Тандалт, судалгааны албанаас хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг судалж үзжээ. Ингэхэд хоолой өвдөх 58 хувь, хуурай ханиалгах 56.3 хувь, толгой өвдөх 41.8 хувь, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4 хувь нь илэрсэн аж.
Харин бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6 хувьд нь илэрч байна гэлээ. Улмаар ирэх сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулах сайдын тушаал гарчээ.