ЭМГЭНЭЛ  /Бүнчингийн Нацагдорж/

БҮНЧИНГИЙН НАЦАГДОРЖ

/ 1963-2022 /

Бидний эрхэм дотнын хүн, анд нөхөр, Монголын шинэ үеийн сонины сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч Бүнчингийн Нацагдорж 2022 оны долдугаар сарын 18-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Тэрбээр 1963 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо төр, нийгмийн томоохон зүтгэлтэн, эрдэмтэн В.Бүнчин, соёл судлаач, утга зохиолын нэрт зүтгэлтэн, эрдэмтэн Ч.Сонгино нарын отгон хүү болон хорвоод мэндэлжээ.

Б.Нацагдорж 1981 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Монгол Улсын Их Сургууль, 1994 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм, улс төрийн дээд сургуулийг дүүргэж, монгол хэл, утга зохиолын багш, судлаач, олон улсын сэтгүүлч мэргэжил эзэмшсэн юм.

Сэтгүүлчийн ажил хөдөлмөрийн гараагаа 1986 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонинд хянагчаар ажиллаж эхэлсэн Б.Нацагдорж Монгол Улсын Төрийн төв хэвлэл “Ардын эрх”, өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр”, улс төрийн мэдээллийн “Парламент” сониныг үүсгэн байгуулалцаж, Монголын чөлөөт хэвлэлийн эхийг тавилцсан билээ.

Тэрбээр 1986-2014 он хүртэл “Үнэн”, “Өнөөдөр”, “Парламент”, “Улаанбаатар таймс” сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллахдаа Монголын сэтгүүл зүйн алтан сан хөмрөгт үлдэх олон шилдэг бүтээл туурвиж, шинэ үеийн сэтгүүлчдийг өсгөн бойжуулах үйл хэрэгт хөдөлмөр зүтгэлээ зориулсан юм.

Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын эхэн үеийн баримт, үйл явдлыг сурвалжилсан “БНМАУ-ын сүүлчийн өдрүүд” сурвалжлага, энэ үйл хэргийн анхдагчдын нэг Б.Галсандорж ахынхаа тухай “Ах, бид хоёр” эсээ, ЗХУ-д 1991 онд гарсан төрийн эргэлт хийх оролдлого, түүний дараах Орос орны аж байдлыг харуулсан “Төр эргэсэн өдрүүдийн тэмдэглэл”, “Тэмцлийн дундах Орос орон”, “Москва уйлдаггүй юм”, 1993 онд баруун аймгуудад тохиосон зудын гамшиг, Марз ууланд осолдсон АН-26 онгоцны сүйрлийг газар дээрээс нь сурвалжилсан “Цасан далайд бичсэн тэмдэглэл”, “Онгоц Марз ууланд сүйрчээ” тэмдэглэл, цуутай баян эр “По” Намжил, Төрийн шагналт Л.Мөрдоржийн солонгос гэргий Хэй Ху буюу Далайцэцэгээс эхлээд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хүртэлх олон арван хүмүүстэй хийсэн ярилцлага, төрийн түшээдийн хөрөг нийтлэл нь түүний авьяас билиг, цуцашгүй хөдөлмөр, өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээсэн нэртэй сэтгүүлч явсных нь гэрч болон мөнхөрч үлдлээ.

Б.Нацагдоржийн хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Алтан гадас одон, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэгтэн” цол тэмдэг, бусад шагналаар шагнасан юм.

Анд нөхрийн минь шударга шулуун, чигч зарчимч, ажилч хичээнгүй зан чанар, хүнлэг зөөлөн сэтгэл, тусч энэрэнгүй, эр хүний гүндүүгүй сайхан дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

ДОТНЫН АНДУУД, СЭТГҮҮЛЧ НӨХӨД НЬ


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn