МАН, МАХН хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

2021-04-29

Өнөөдөр /2021.04.29/  МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа цахимаар боллоо. Хоёр намын  хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд  зохион байгуулав.

Уг хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх,  ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар оролцов.  Хоёр намын нэгдэн  нийлэх асуудлыг эртнээс эхлүүлсэн бөгөөд  МАН, МАХН-аас тус бүр есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан ажилласан гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд онцоллоо. Хоёр  нам нэгдэн нийлэх асуудлаар намын бүх гишүүний саналыг авсан бөгөөд цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор утсаар болон цахимаар холбогдож, хүн нэг бүрийн саналыг авсан гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  М.Тулга  онцолсон.

Цахим хуралдааныг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ,  хоёр нам нэгдэхээр болсон нь  түүхэн  үйл явдал болохыг тэмдэглэж,  үнэт зүйл нэгтэй намууд хамтран ажиллах нь  нийгмийн шаардлага байсныг  дурдаад нэгдмэл нэг эрх ашигтайгаар ажиллахыг уриаллаа. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН МАХН-гүй, МАХН МАН-гүйгээр бүтэн биш хэмээн тодотгоод хоёр намын нэр, зорилго төдийгүй үйл хэрэг нэг боллоо гэсэн юм.   

Цахим  хуралдаанд оролцсон гишүүд, дэмжигчид   үзэл бодол, угшил гарвал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь цагаа олсон ажил болсныг  хэлж байв. Хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд  Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилт,   намын шат шатны байгууллагуудад үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгав.

МАН,МАХН нэгдэн нийлснээр улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа ч хоёр намын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдлээ. Мөн Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх,  Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж байгаа юм.

  Эх сурвалж:Nam.mn

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ