Ш.Доржсүрэн: “Тамгагүй төр” жүжиг миний хувьд тамга дарж өглөө. МУГЖ гэсэн гайхалтай шагналыг авлаа

Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.
Энэ үеэр Шадавын Доржсүрэнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээв.
Соёл урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээж, 10 гаруй уран сайхны киног найруулж, телевизийн олон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон хийгээд урлагийн салбарын шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулахад оруулсан хичээл зүтгэл, Монголын тайз, дэлгэц, драмын урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйлсэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн жүжигчин, “ДОЗ энтертайнмент”-ийн захирал Шадавын Доржсүрэнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Тэрбээр “Намайг дэмждэг үзэгчид олон байдгийг мэдрэх жүжигчин хүний хувьд хамгийн сайхан мэдрэмж. Тамгагүй төр миний хувьд тамга дарж өглөө. МУГЖ гэсэн гайхалтай шагналыг авлаа. Маш их баярлалаа гэж хэлэхээс өөр юу гэхэв” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn