2027 он хүртэл орон нутгаас Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг зогсоох саналыг БУЦААВ

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар иргэдийн шилжилт хөдөлгөөний талаарх саналыг дэмжих тухай хэлэлцэж байна.

Нийслэлийн хүн ам дараагийн таван жилд 234 мянга буюу 15 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Нийслэлд нэг жилд аймгийн дайтай хүмүүс шилжин ирж байгаа нь байгаль экологийн тэнцвэр алдагдах, ЕБС, цэцэрлэгийн хүртээмж багасахад нөлөөлж байна гэлээ.

2027 оны нэгдүгээр сарын 1 хүртэл орон нутгаас Улаанбаатарт шилжиж ирэх хөдөлгөөнийг хязгаарлахыг нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг эсэргүүцэв.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчиж, түр болон байнга оршин суух эрхтэй. Хотоос очиж байгаа хүмүүсийг хөдөө очиход нь хөөгөөд явуулбал яах юм? Энэ шийдвэрийг дэмжинэ гэвэл онигоонд орно шүү.

НИТХ-ын төлөөлөгч Б.Одсүрэн: Хэт төвлөрснөөс болж агаарын бохирдол, замын түгжрэлийн асуудал хүндхэн байна. Гурван жилийн дараа өдөртөө таваас илүү түгжирдэг нөхцөл рүү орох гэж байна. Шилжилт хөдөлгөөний үртгэл дээр тодорхой хэмжүүр заалтуудыг оруулж, энэ саналыг дэмжих хэрэгтэй. 2027 он хүртэл өнөөдөр тулгамдсан олон асуудлаа шийдэх үндсэн зарчимтай энэ саналыг оруулж ирж байгаа.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сүхбаатар: Асуудлыг Засгийн газар шийдэг ээ гээд дэмжээд Засгийн газар луу явуулах юм байна. Галыг Засгийн газар авах юм байна. Бид зүгээр саналаа хүргүүлж байгаа юм байна. Түр шилжилт хөдөлгөөнийг зогсооно гэхээр түр суурьших иргэдийг оруулахгүй гэж буруу ойлгоод байна. Түр суурьших иргэдэд хамаарахгүй, байнга оршин суухыг хорьж байгаа юм гээд хэлээд өгөөч. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, албан томилолтоор 6-аас дээш сарын хугацаанд ирж ажиллах, орон сууц авсан тохиолдолд Улаанбаатар хотын иргэн болох боломжтой гэдгийг хэлээд өгөөч.

НИТХ-ын төлөөлөгч Б.Одсүрэн: Түр шилжилтийг хязгаарласан зүйл байхгүй. Иргэний үнэмлэхээ Улаанбаатар хотын бүртгэлтэй болгох асуудлыг ярьж байгаа. Тэрнээс биш шууд хязгаарласан зүйл байхгүй.

Санал хураалгүйгээр буцааж, дараагийн ИТХ-ын хурлаар дахин хэлэлцэхээр болов.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn