Г.Занданшатар: Үнийн өсөлт цаашдаа ч үргэлжилж, энэ намар хамгийн өндөртөө хүрнэ гэж эдийн засагчид тооцоолж байна

2022-06-30

УИХ-ын дарга Г.Занданшатар үнийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хамгийн гол асуудал өнөөдөр үнийн өсөлт байна. Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нөхцөл нь иргэдийн амьжиргааг доройтуулж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, тээвэр ложистикийн доголдол, геополитикийн хурцадмал байдал нь 1990 оноос хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байгаа нь тодорхой байна.

2019 онд 6.1 байсан инфляци өнөөдөр 15.1 хувьд хүрлээ. Инфляци 2.5 дахин өсөхөд шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлж байна.

Хүмүүсийн амьжиргааны гол үндэс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18%-д хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Төмс 970 төгрөг байсан бол 2,500 төгрөг, лууван 2,000 төгрөгөөс 4,700 төгрөг болж, ургамлын тос 4,300-9,500, байцай 3,000 төгрөг байсан бол 5,200 төгрөг, атар талх 1,280-аас 1,700 төгрөг болж өссөн байна.

Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд тээвэрлэлтийн зардал нэмэгдэж илүү өндөр үнээр очиж байна. АИ-92, 95 шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамд 164 буюу 1.6 дахин нэмэгдэж буй нь инфляцын суурь шалтгаан болж байна.

Үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байна. Үүнийг УИХ зүгээр хараад сууж байж болохгүй.

Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөртөө хүрэх магадлалтай гэж эдийн засагчид үзэж байна.

УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Бүх юмны үнэ өсөж байхад баяр наадам, цэнгүүн ярьж байна гэж шүүмжилж байна. Үнийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар ядаж судлах хэрэгтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ