Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүдийн тоог дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан парламентийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэхтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Олон улсад парламентийн гишүүдийн тоог тогтдог долоон аргалчлын дагуу УИХ-ын гишүүдийн тоог зайлшгүй нэмэх шаардлагатай. Ингэж байж  төлөөллийн ардчиллыг бүрэн хэрэгжүүлж, цаашлаад нэг гишүүнд ногдох нөлөөллийн эрх мэдлийг бууруулах боломжтой” гэлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

Дэлхийд парламентийн гишүүдийн тоог тогтдог долоон төрлийн аргачлал байдаг. Манай Монгол Улс ч 1960, 1992 онуудад эдгээр аргачлалаас авч хэрэглэж, гишүүдийнхээ тоог тогтож байсан байдаг. Өнөөдрийн байдлаар гишүүдийн тоо зайлшгүй нэмэгдэх шаардлагатай нь бүх төрлийн аргачлалаар нотлогдож байгаа.

Тоог нэмэгдүүлнэ гэхээр 99, 108 гэдэг ч юм уу гоё тоо, бурханы тоо гэдгээр яриад байна. Шинжлэх ухаанчаар хандах ёстой. Хувийн бодлоор хандаж болохгүй.

Зөвхөн МАН ялах ёстой гэсэн байр сууриар хандвал өнөөдрийн сонгуулийн тогтолцоо бидэнд олон удаа ач холбогдлоо өгчихсөн. Эрх баригч намын хувьд ийм байдлаараа цааш явах уу, эсхүл улс орон маань хөгжиж дэвших, төр улс маань тогтвортой байх, парламентаа дархлаатай болгох бодлогыг баримталж ажиллах уу гэдэг сонголт байна гэсэн үг. МАН-ын хувьд илүү зөвшилцлийн ардчиллыг бий болгох замаар олон намыг парламентад орох боломжийг нээж өгөх бодлогыг баримталж байна. Ингэж байж улс төрийн намууд төлөвшинө. Бид парламент дахь намуудыг төлөвшүүлэх бодлого барьж байна.

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар тойрогтоо ажиллаад ирлээ. Мөн бидний зүгээс хөндлөнгийн хараат бус судалгааны байгууллагуудаар судалгаанууд хийлгүүлж байна. Судалгаанд оролцож буй иргэдийн 60 гаруй хувь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна. Иргэд гишүүдийн тоог нэмэх, цаазын ялын асуудал дээр эргэлзээтэй байна. Өнөөгийн парламентийн нэр хүнд тааруу байгаа тул гишүүдийн тоог нэмэхээр зовлон бэрхшээл нь нэмэгдэнэ гэж ойлгоод байна. Парламентийг байхгүй болгочихвол, гишүүдийн тоог багасгачихвал зовлон багасна гэж бодоод байна.

Эсрэгээрээ парламентийн засаглалаа дархлаажуулж, нэг гишүүний нөлөөлөх эрх мэдлийг бууруулах, тоог дор хаяж 50 хувиар нэмэгдүүлж, сонгогдсон гишүүд хөгжлийн бодлого дээр ажилладаг байх тогтолцоо руу шилжих нь чухал” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn