
Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг Соёлын дэд сайд М.Батбаяр өглөө.
Тэрбээр “Долдугаар сарын 3-ны өдөр нээгдэх төлөвлөлт одоохондоо хэвээр байна. Музейн шилэн хоргон сав БНСУ-аас нийлүүлэгдэж байгаа. Хоргонууд нь бүгд ирсэн, угсрагдаж байгаа. Харин хоргоны шил нь хил гаалийн асуудалтай холбоотойгоор замдаа явж байна. Яг долдугаар сарын 3-даа нээнэ гэж хэлэхэд хэцүү байна.
Манай дипломат төлөөлөгчийн газрын ажилчид, БНХАУ-д суугаа Элчин сайдын яам гээд тал талдаа тээврийг урагшлуулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.
Нийт 10 мянга гаруй үзмэр дэлгэгдэхээс 95 хувийг татаж аваад байна. Музейн дотор дэглэлтийн ажлууд ид дундаа үргэлжилж байна” гэлээ.