
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд Боловсролын үнэлгээний төвийн удирдлагууд ЭЕШ-ын явцын талаар мэдээллээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:
Шалгуулагчийн дүн оноог өмнөх жилүүдэд батламж хуудсаар олгодог байсан бол энэ жил цахимаар олгоно. Зургаадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Боловсролын үнэлгээний төвийн сайт руу хандаж, батламж хуудсаа онлайнаар хэвлэж авч болно. Мөн ТҮЦ машинаас батламж хуудсаа хэвлэн авах боломжтой. 28-наас эхлэн бүх ИДС-иудын бүртгэл онлайнаар эхэлнэ.
Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоож, хоёр удаагийн шалгалт авахад босго оноогоо даваагүй 1180 сурагч байна. Эдгээр шалгуулагчдын хувьд өөрсдийн сонгосон хичээл дээрээ ЭЕШ-даа асуудалгүй орж болох боловч энэ хичээлийн жилдээ ИДС-д элсэн суралцах боломжгүй. Монгол хэл, бичгийн шалгалтдаа дахин орж, тэнцэх ёстой.
Төлөвлөгөөний дагуу шалгалт хэвийн явагдаж байна.