Төв цэнгэлдэх хүрээлэнд болох байсан уг тоглолтыг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлэх бэлтгэл ажилтай холбоотойгоор ийнхүү гэнэт цуцалжээ. Энэ нь зохион байгуулагчдын дургүйцлийг хүргэсэн аж.

“Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар өнөөдөр мэдээлэл хийж “Камертон”, “Никитон”, “Хурд”, “Харанга”, “Гурван охин” хамтлагийн хамтарсан “Nigth with us” тоглолтын хугацааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанаас гэнэт хойшлуулсан талаар олон нийтэд танилцуулав. Г.Мэнд-Амар энэхүү шийдвэр тоглолтын зохион байгуулалт, төлөвлөгөө, тайз засал гээд олон бэлтгэл ажлыг нурааж байгаад харамсч байна гэв.
Г.Мэнд-Амар “Энэ сарын 24-нд буюу ирэх баасан гаригт болохоор төлөвлөсөн “Nigth with us” тоглолтын зохион байгуулалтад гэнэтийн өөрчлөлт орлоо. Учир нь Төв цэнгэлдэх хүрээлэнгээс нэгдсэн мэдээлэл өгөөгүйн улмаас ийнхүү тоглолтыг өөр газар зохион байгуулахаар болж байна. Сонсогчдоосоо хүлцэл өчиж, тоглолтыг цуцлахгүйгээр байршлыг өөрчилж байгаагаа мэдэгдэж байна. Тиймээс тасалбар авсан хүмүүс санаа зоволтгүй, тоглолтоо үзэхийг хүсье” гэлээ.