“Л.Оюун-Эрдэнэ ээ, энэ янзаараа бол чи Монголд байх газаргүй болно шүү. Ууртай ард түмэнтэйгээ нүүр тулах ойртож байна”

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү:

Ноцтой асуудал үүсээд байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг Төрийн ордны хуйвалдааны байдлаар хийх чиглэлд явж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд цэгцрэх хөдөлгөөнийг байгуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр монгол төр шинэ гараанаас гарлаа, монгол улс хөгжлийн манлай боллоо, баялгийн эзэн боллоо гэснээс хойш 3 жил болоход Үндсэн хууль маань сүйрлээ гэсэн утгагүй зүйл ярьж байна.

Г.Занданшатар байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх асуудал байж болохгүй. Энэ бол ёс зүйгүй зүйл. АН-ын хуулийн баг дотор ерөнхий прокурор байсан, тагнуул, цагдаад ажиллаж байсан маш олон хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс үндэсний аюулгүй байдлын асуудалд судалгаа хийж, нотолгоонуудыг гаргаж байгаа. Г.Занданшатар нөхрийн асуудлыг гаргаж тавихаар бэлтгэж байна. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг олж авах гэсэн увайгүй нөхдүүд Үндсэн хуульд халдахыг огт зөвшөөрөхгүй.

Г.Занданшатар дарга маань нохой, муурны тухай хуулийг өргөн барина гээд явж байна. Гэтэл бидний өмнө тулгамдсан өрний асуудлыг яах вэ? Юмны үнэ хэрээс хэтэрлээ, хил гааль нь гацаад байна. БНХАУ, ОХУ-д сууж байгаа Элчин сайдууд нь ажлаа хийж чадахгүй байна. УИХ нь Засгийн газрынхаа дор орчихсон, Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна. Иймэрхүү байдалтай байвал УИХ-ыг тараах алхамыг хийнэ гэдгээ мэдэгдэж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

Өөрсдийнхөө идэж уусан булхай, бүх юмны бурууг Үндсэн хууль руу чихэх гэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр жилийн өмнө “Бүрэн зураглал” нэвтрүүлэг хийгээд Үндсэн хуулийг дахиад 10 жил өөрчлөхгүй гэж байсан. Үндсэн хуулиараа оролдоно гэдэг нь улсаараа тоглох гэж буй хэрэг.

Ерөнхий сайд маань “Ерөнхий сайд болохоо сонгосон бол энэ цаг үеийг сонгохгүй”, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нь “Төрд 32 жил ажиллахдаа ийм цагийг үзээгүй юм байна” гэж хэлсэн. Та нарыг хэн гуйгаад байгаа юм бэ, ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөөд яв.

Эрх мэдэлдээ шунасан амьдрал чинь ард түмний амьдралыг доройтуулаад дууслаа. Дахиад хоёр жил улс орны ачааг үүрч явж чадахгүй учраас Үндсэн хуулийн нэмэлт рүү орж, УИХ-аа тараасан болж жүжиг тавих гэж байна. Өнөөдөр 200 мянгад бензинээ дүүргэдэг байсан бол 400 мянгад дүүргэдэг болсон байна. Хоёр тор хүнс авдаг байсан хүн нэг торны талыг л авахаар цалин нь цаас болсон байна. Ажлаа хий. Үндсэн хууль гэж сэгсэлзэж гүйх яах вэ.

Л.Оюун-Эрдэнээ чи намдаа том байж болно. Энэ янзаараа явбал Монголын төрд биш монголд байх газаргүй болно шүү. Ууртай ард түмэнтэйгээ нүүр тулахад ойртож байна шүү.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn