Л.Энх-Амгалан: Багш нарын өгдөг тайлан, бичиг цаасны ажлыг эрс багасгана

Боловсролын салбарынхан өнөөдөр 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдсэн хурлаа хийж байна.

Хурлын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ирэх хичээлийн жилд багш нарын ачааллыг бууруулж, боловсролын чанарыг нэмэгдүүлэхээр зорилт тавьсан тухай танилцуулав.

Тэрбээр “Өнгөрсөн жил ЕБС, ИДС, МСҮТ-ийн хөтөлбөрүүдэд үнэлгээ хийхэд 21-р зууны чадварыг олгох боломжгүй гэж дүгнэсэн. Хөтөлбөрийн агуулга хүндэтсэн, хичээлийн тоо нэмэгдсэн учраас багш нарын ачаалал маш ихээр нэмэгдсэн байна.

Улс төрөөс хараат бус, мерит удирдлагын тогтолцоог бий болгож чадаагүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирлуудаар дандаа намын томилгоо сонгуулийн дараа хийгдэж байна. Хамт олондоо үнэлэгдсэн биш намдаа үнэлэгдсэн хүн очдог буруу тогтолцоо руу шилжсэн байнэ. Цаашдаа нээлттэй, мерит зарчим дээр тулгуурласан тогтолцоог бүрдүүлнэ.

Хамгийн сайн ур чадвартай багш өндөр цалин авдаг тогтолцоо руу шилжинэ. Багшийг ажлын байран дээр тасралтгүй хөгжих тогтолцоог бий болгохгүйгээр боловсролын шинэчлэлийг хийж чадахгүй.

2022-2023 оны хичээлийн жилийг багш нарын ачааллыг бууруулсан жил болгоно.

Нормочлолоор багш нийт ажлын цагийнхаа 85 хувийг хөтөлбөртөө зарцуулах ёстой. Харин одоогийн байдлаар цагийнхаа 37 хувийг хичээлдээ бэлдэх, хөтөлбөртөө зарцуулж байна. Гэтэл бичиг баримт боловруулах, тайлан гаргахад нийт цагийнхаа 44 хувийг, мэргэжлийн чадвараа дээшлүүлэн 33, эцэг эхчүүдтэй холбогдоход 10 хувиа зарцуулж байна. Хүүхдүүдтэйгээ ажиллахдаа биш дээрээс ирж байгаа тайланг бөглөхөд хамаг цагаа зарцуулж байна.

Зөвхөн БШУЯ гэхэд 38 маягтаар тайлан авдаг. Дээрээс АТГ, цагдаа, аймгийн боловсролын газар зэрэг 100 давсан тайлан бөглөж байна. Энэ тайлангуудыг болъё, маш цөөхөн тайлан авдаг болъё. Энэ 38 маягтыг болъё гэж байгаа.

Багшийг амралтын өдрүүдэд сайн дурын ажилд дайчлахыг бүрэн хориглоё. Гэртээ амраг, өөрсдийгөө хөгжүүлэг. Багш нарын ачааллыг хэдий хэмжээгээр бууруулж чадна төдий хэмжээгээр боловсролын чанарт өөрчлөлт гарна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn