
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн батлав. Ажлын хэсэгт орж ажилласан гишүүд хуулийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Хөрөнгийн үнэлгээний хууль шинэчлэн батлагдлаа. Улсын хэмжээнд 180 хөрөнгийн үнэлгээчид байгаа. Татварын байгууллага байшинг үнэлэхдээ орд харш шиг үнэлээд, банкинд үнэлэхэд нохойн оромж шиг үнэлээд байна гэдэг. Мөн банкууд иргэдийн хөрөнгийг үнэлэхдээ өөрсдийн дураар үнэлдэг байсан. Тэгвэл хууль батлагдсанаар хөрөнгийн үнэлгээний нэгдсэн журам, стандарттай болж байна. Монголбанкнаас Сангийн яамтай хамтран банкны барьцааны хөрөнгийн үнэлгээний журмыг батална. ТӨХК-иудын хөрөнгийн үнэлгээг ААН-үүд хийдэг болж байна. Хөрөнгийн үнэлгээчин нөлөөлөлд авдаг байсныг мэргэжлийн ёс зүйг олон улсын стандартад нийцүүлэх гэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг онцолмоор байна.
Байшинтай, хашаатай, газартай, зээл авч бизнес хийдэг хүн бүхэнд энэ хууль хамаатай.
Банк санхүүгийн байгууллага таны хөрөнгийг илт багаар үнэлэх, нөгөө талаар төрийн байгууллагууд өндөр өртгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах, төрийн өмч хөрөнгийг хэт багаар үнэлж зарах хулгайтай тэмцэх боломжтой болж байна. Жишээ нь, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ланд-200 машинаа нэг сая төгрөгөөр зарж байна.
Энэ хөрөнгийн үнэлгээний асуудлыг бодитой тогтоох, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой хууль батлагдлаа.