Хойд Солонгосын анхны эмэгтэй сайд Цой Сон Хи гэж хэн бэ

БНАСАУ буюу Хойд Солонгост анх удаа эмэгтэй хүн сайдаар томилогджээ. Бараг эцгийн эрхэт ёстой гэмээр хаагдмал улсад анх удаа Гадаад харилцааны сайдаар томилогдсон Цой Сон Хи нь 1964 онд төрсөн. Хойд Солонгосын ахмад зүтгэлтэн Цой Ён Римийн дагавар охин аж.

Хойд эцэг Цой Ён Рим нь Японы эсрэг тэмцлийн үеэр Ким Ир Сений удирдлага дор ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тиймээс Цой Сон Хи нь эцгийнхээ нөлөөгөөр Хойд Солонгосын эрх баригчидтай нягт холбоотой байдаг нэгэн.

Өмнө нь Гадаад харилцааны тэргүүн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай. Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, орчуулагч, судлаач мэргэжилтэй Цой Сон Хи нь Хойд Солонгосын өндөр түвшний албан тушаал хашдаг цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Тэр Хятад, Австри, Мальта улсуудад боловсрол эзэмшсэн. Карьерийнхаа эхэн үед Солонгосын хойгийн зургаан талт хэлэлцээ болон Вашингтон-Пёньяны хэлэлцээнд орчуулагчаар ажиллаж байжээ.

Гадаад хэргийн яамны хэлтсийн даргаас эхлээд дэд захирал, дэд сайд, Хойд Америкийн газрын дэд ерөнхий захирал, Хойд Америкийн төсвийн ерөнхийлөгч захирагч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан.

Цой Сон Хи нь Хойд Солонгос болон АНУ-ын харилцаа, цөмийн асуудлаар хамгийн туршлагатай албан тушаалтан. Дональд Трамп, Ким Жон Ун нар 2018 оны тавдугаар сарын 24-нд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөсөн байсан боловч Цойгийн хийсэн мэдэгдлийн улмаас уг уулзалтыг түр цуцалж байжээ. Учир нь тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийг “улс төрийн мануухай” гэж хэлээд Трампын уурыг хүргэсэн гэдэг. Энэхүү Хойд Солонгос-АНУ-Сингапурын дээд хэмжээний уулзалтад Цой Сон Хиг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байжээ.

“АНУ-ын асуудалд оролцож байгаа хүний хувьд хэлэхэд тус улсын дэд ерөнхийлөгчийн амнаас ийм мунхаг үг гарсанд би итгэж чадахгүй байна. Тэр ийм том гүрний дэд ерөнхийлөгч юм байж дэлхий дахинд болж буй үйл явдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар бага ч гэсэн мэдэж, яриа хэлэлцээний чиг хандлага, уур амьсгалыг тодорхой хэмжээгээр мэдрэх хэрэгтэй. Цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосыг цөөхөн хэдэн тоног төхөөрөмжтэй Ливитэй зүйрлэж байгаагаас нь харвал яадаг улс төрийн мануухай болох нь тодорхой байна” гэж тэрбээр Майк Пенсийг хатуухан шүүмжилжээ.

Ким Жон Унтай шууд харьцдаг албан тушаалтны нэг нь тэр мөн гэж үздэг. Тиймээс дээрх шүүмжийг Ким Жон Уны зааварчилгаагүйгээр дураараа хэлсэн байх боломжгүй гэж “The times” сэтгүүлд бичиж байв. Гэхдээ дээд хэмжээний уулзалтыг бүрэн цуцлалгүй, зургадугаар сарын 12-нд зохион байгуулжээ.

2019 онд Ханойд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын түншүүдтэйгээ тохиролцоонд хүрэхийг оролдсон боловч мөн л бүтэлгүйтжээ. Тухайн үед хэлэлцээ хугацаанаасаа өмнө өндөрлөсөн гэх бөгөөд хэлэлцээрийн багтай хамгийн сүүлд ярилцсан хүн нь Цой байлаа.

Хэлэлцээний эцсийн мөчид Хойд Солонгосын тал Йонбены цөмийн шинжлэх ухааны судалгааны төвийн бүх байгууламжийг нураах санал тависан. Харин үүнийхээ хариуд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлуулна гэжээ. АНУ-ын төлөөлөгчид энэ саналын талаар дэлгэрэнгүй тодруулахыг хүсэхэд Цой Сон Хи өгөх мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн тул хэлэлцээ хугацаанаасаа өмнө дуусчээ.

Хойд Солонгосын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд асан Ким Ки Гваны үед Цой орчуулагч болон туслахаар ажиллаж байжээ. Тэрбээр 1990-ээд оноос эхлээд л цөмийн асуудлаарх яриа хэлэлцээнд байнга оролцсоор ирсэн. АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны 2009 оны айлчлалын үеэр ч мөн Цой ажилласан. АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчидтэй нүүр тулж уулзаж, ярилцсан хүн бол Цой Сон Хи.

“Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр нь тус улсын бүрэн эрхт байдлын цорын ганц найдвартай хамгаалалт” гэсэн байр суурийг Цой баримталдаг.
Номхон далайн форумын ерөнхийлөгч Ральф Косса түүнийг гайхалтай сэргэлэн, харилцаа холбоо сайтай гэж тодорхойлжээ. Мөн дипломатч Тэ Ён Хо түүнийг олон нийтийн итгэлийг хүлээсэн хүн гэж нэрлэсэн гэнэ.

Эх сурвалж: WIKIPEDIA, ТАСС


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn