Нийслэлийн Засаг дарга, БОАЖ-ын сайд нар нүүр номоороо үг хаялцав

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Богд ууланд байрлах “Дугуй цагаан” амралтын газрын 49 гэрийг албадан буулгасан. Үүнтэй холбоотойгоор асар их хэл ам, хэрүүл, тэмцэл гарч байна. Улмаар уг үйлдэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг ажлаа хийхгүй байна гэж нийслэлийн удирдлагын зүгээс шүүмжилсэн. Тэд өөрсдийн нүүр номоороо дамжуулан дараах мэдэгдлүүдийг хийв. 

Засаг дарга Д.Сумъяабазар “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Налайх дүүргийн зургадугаар хороонд хамаардаг. Гэсэн хэдий ч БОАЖЯ-наас газар олгодог. Мөн замбараагүй байдал үүсч, байгаль орчин хүний хөлд сүйдэж байна. Хог, хамгаалалт гэх мэт төрийн үйлчилгээг Налайх дүүрэг нуруундаа үүрдэг. Гэтэл зөв зохистой ашиглах зохицуулалт хийж чадахгүй байгаа учраас нөхцөл байдал улам дордсоор байна. Хариуцсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам арга хэмжээ авч, асуудлыг шийдэх хэрэгтэй.

Богд ууланд маш олон орон сууц баригдсаар байгаа нь Улаанбаатар хотын ачаалал, төлөвлөлтийг алдагдуулж ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын зориулалтаар газар олгодог ч бодит байдал дээр орон сууцны барилга баригддаг. Хотын төлөвлөлтөөс хамааралгүй үүссэн энэ орон сууцууд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөлд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ асуудлыг БОАЖ-ын сайд хуулийн дагуу цэгцлэнэ гэж итгэж байна” гэсэн.

Хариуд нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сайд “Хамтран ажиллахад бэлэн. Томилогдсон цагаас энэ мэт бусармаг зүйлсийг таслан зогсоохоор ажиллаж байна. Нийслэлийн харъяа газрууд Богдхан уулын дархан цаазат газарт өндөр барилгажилт үүсгэх ажлууд хийж байна. Тиймээс ажлын хэсэг гаргаад ажиллая, Д.Сумъяабазар дарга аа. Нэгдсэн шийдэлд хүргэж эцэслэе” гэж мэдэгдсэн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn