Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын гаалийн татварыг 70 хувь болгох нь зүйтэй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, тухайн салбарын өмнө тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, санал бодлыг нь сонсож байна.

Тэрбээр өнөөдөр бялуу, нарийн боов, бейкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  “Жүр Үр” болон Хангай Милсс” ХХК-ийн “Хурх” брэндийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй. Урт хугацаатай, хүү багатай зээл олгох, гааль, НӨАТ-ыг хөнгөлж, чөлөөлөх, ажил олгогчдыг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлбэл үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байраа хадгалах зэрэг давуу тал бий болох тухай “Жүр Үр” компанийн дэд захирал Б.Мөнхзул хэллээ.

зураг

ТОП-100 аж ахуйн нэгжид ихэвчлэн уул уурхай, худалдаа зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд шалгардаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэргээс хөнгөлөлттэй зээл авдаг аж ахуйн нэгжүүд ТОП 100-д багтдаггүй учир шалтгааныг судалж үзэх, хууль эрх зүйн хувьд ч эргэж харах зүйл байгааг хэллээ.

​Ойрын таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Үндэсний хөдөлгөөнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаас гадна үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулбал хөдөлгөөн өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд бодитой хувь нэмэр болно гэж үздэгээ хэлэв.

“Жүр Үр” ХХК бялуу, бэйкери бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1,200 орчим ажилтантай. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод өөрийн үйлдвэртэй. Одоогоор 30 гаруй нэрийн бялуу, 150 гаруй нэр төрлийн бэйкери  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. KFC, Burger King түргэн хоолны сүлжээ ресторан, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Чойбалсан хотод өөрийн 36 салбар томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр дамжуулан  хэрэглэгчдэд өдөр бүр хүргэдэг байна.

Гурилын импортын гаалийн татварыг 70 хувь болгох нь зүйтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдгээ “Хангай Милсс” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганбат илэрхийллээ. Хамгийн гол нь дунд шатанд зөв зохион байгуулалт, сахилга, хариуцлага чухал гэдгийг хэлэв.

Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын гаалийн татварыг 70 хувь болгох нь зүйтэй гэж үздэгээ “Хурх” гурилын үйлдвэрийн дарга Д.Отгонбаяр хэллээ.

Мөн 5-10 жилийн хугацаатай, хүү багатай зээл олгох, хивгийн экспортын тээвэрлэлтэд анхаарах, дотоодод үйлдвэрлэсэн гурилыг дамжуулан борлуулахад НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх зэрэгт төр, засгийн дэмжлэг шаардлагатайг хэлэв.

“Хурх” гурилын үйлдвэр хоногт 120 тн улаанбуудай боловсруулах хучин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат үйлдвэр юм.

“Хангай Милсс” ХХК 2020 онд Монгол Улсад анх удаа улаанбуудайг бүхлээр нь чулуун тээрмээр тээрэмдэх үйлдвэрийн арга нэвтрүүлсэн байна.

Нийт 6,000 га эргэлтийн талбайтай. Хөрсөө салхины элэгдлээс хамгаалах зорилгоор 5 километр газарт 10,000 мод тарьж ойн зурвас байгуулан, 120 км урт газрыг бүрэн хашаажуулжээ.

Ингэснээр хөрс гаднын амьтан, хүний нөлөөгөөр бохирдох, хөрсний элэгдлээс сэргийлэх, эрүүл цэвэр хүнс үйлдвэрлэх боломж бүрдсэн байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn