Соёлын салбарынхан шинэ сэргэлтийн бодлогоо хэлэлцлээ

Соёлын салбарын удирдах ажилтнуудын нэгдсэн хэлэлцүүлэг “Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого” сэдвээр Улаанбаатар хотод энэ сарын 7,8-ны өдрүүдэд болж байна.

Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагагүй байхад 2007, 2017 онуудад “Соёл урлагийн ажилтны улсын зөвлөгөөн” нэрээр салбарын хэлэлцүүлэг, чуулганыг зохион байгуулж ирсэн юм.

Улаанбаатар хотод ажиллаж байгаа соёлын салбарын удирдах ажилтнууд өчигдөр музей, театр, номын сан зэрэг соёлын салбарт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Соёлын сайдад танилцуулсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар театрт “Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого” нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож байна.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Соёлын сайд Ч.Номин тавьсан бөгөөд Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Бүх нийтийн соёлын боловсрол, Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн үндсэн гурван бодлогоос гадна Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, судалгааны ажлууд өрнөж байгаа талаар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид өнөөдөр “Төрийн албаны шинэтгэл-Соёлын салбарт”, “Урлагийн салбарын шинэчлэл”, “Номын сангийн шинэчлэл”, “Музейн тогтвортой хөгжил”, “Соёлын төв, соёлын ордны шинэчлэл”, “Аймгийн соёл урлагийн газруудад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэгт оролцоно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn