Н.Түвшинбаярын талаас 6 метр.квадрат павилион өгч Э.Энхбат агсны хохирлыг барагдуулна гэжээ

2022-06-09

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдрийн шүүх хурлын үеэр талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд нь дэмжлэг болох үүднээс шүүгдэгч өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар хохирогч талтай тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэхээр болсон талаар мэдээлсэн.

Улсын яллагч дүгнэлтээ танилцуулахдаа ” Н.Түвшинбаяр нь найзыгаа ална гэж бодоогүй гэж мэдүүлж байгаа боловч тухайн үед юу болж байгааг мэдэх чадвартай байсан. Тиймээс гэм буруутайд тооцож байна” гэлээ.
Улсын начин Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч Б.Баасанжаргал:

Н.Түвшинбаярын амжилт Э.Энхбат агсантай салшгүй холбоотой гэдэгтэй хэн ч маргахгүй. Өвдгөндөө зөөлөн эдийн гэмтэл аваад эмчлүүлж байхад нь эхнэрийнх нь оронд асарч, хөл дээр нь босгосон. Хоёр үл хөдлөх хөрөнгө өгч байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Хоёр үл хөдлөх хөрөнгө гэдэг чинь 6 метр.квадраттай бараа зардаг павилион л юм шиг байна лээ. Үүгээр хүний амь насыг үнэлж болохгүй.

Нэг бүрийг нь 160 мянган ам.доллараар үнэлсэн.  160 мянган ам.долларын 6 метр.квадрат гэж байх уу. Үүнийг хор уршгийг арилгаж байна гэж хэлж болохгүй.

Энэ хэргийн хохирогч бол талийгаач өөрөө юм шүү. Эмчилгээний зардал, тэтгэмжийн зардлыг төлж барагдуулж болно. Мөнгөн дүнгээр нь их мөнгө мэт санагдаж байгаа боловч талийгаачийг орлох хэмжээний эд хөрөнгө биш юм шүү.

Н.Түвшинбаярын өмгөөлөгч:

Үйлдлийнхээ харгис, хэрцгий шинж чанарыг ухамсарлаж, энэ хүнийг тарчлаасай гэж үйлдсэнийг онц хэрцгий гэж дүгнэдэг. Өлсгөж алах, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд үйлдсэн зэрэг шинж тэмдэг нотолгоогоор харагдахгүй байгаа. Камерын бичлэг найман минут үргэлжилсэн бол зодоон үүнээс ч богино үргэлжилсэн. Зодоон урт удаан хугацаанд үргэлжлээгүй. Харилцан зодолдсон, шүүгдэгчид ч гэмтэл учирсан. Мэдээж үүнийг хохирогчийн гэмтэлтэй харьцуулашгүй.

21 тооны гэмтэл нь 4, 5 гэмтлээрээ нэг удаагийн цохилтоор бий болсон гэдгийг шинжээчид дүгнэсэн.

Холбоотой мэдээ