“Эрдэнэс Монгол” бүтцийн өөрчлөлт хийж, “шахаа”-ны хүмүүсийг халж орон тоогоо цөөлжээ

Төрийн өмчит хамгийн том уул уурхайн компаниудыг нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг сайжруулах, орон тоог цомхон болгож, үр ашигтай ажиллах чиглэлийг Засгийн газраас удаа дараа өгч ирсэн. Төрийн өмчит компаниудад ялсан намын гишүүд, эрх мэдэлтэн, улс төрчид, тэдний хамаатан садан үр хүүхдүүдийн “шахаа”-гаар орон тоог нэмж, бүтцээ томруулдаг байдал хавтгайрсан.

Иймээс ч Засгийн газраас төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулахын тулд орон тоог цөөлж, үр ашигтай ажиллах чиглэл өгсөн. Үүний дагуу “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ тавдугаар сарын 31-нд хуралдаж, нилээд олон “шахаа”-ны хүмүүсийг цөөлжээ.

“Эрдэнэс Монгол”-ийн ТУЗ энэ удаагийн цомхотголд тендерийн асуудалд нэр нь холбогдсон, ажилдаа ирдэггүй, өндөр цалинтай ч ажлын бүтээмжгүй, мэргэжлийн бус, нарийн мэргэшсэн ур албан тушаалд ур чадварын дутагдалтай гээд “асуудал” ихтэй хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Үндэсний баялгийн сангийн хуультай холбоотойгоор “Эрдэнэс Монгол” компани дээр төрийн өмчийн уул уурхайн компаниуд төвлөрч, зэс, өнгөт металлын групп ашигт малтмалын групп гэх мэт нэгдсэн бодлого төлөвлөлтөөр ажиллахад мэргэжлийн чадварлаг хүмүүс ажиллах шаардлагатай тухай салбарын сайд нь ярьж байсан.

“Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд найман гүйцэтгэх захирлын нүүр үзжээ. Үе үеийн захирлууд нь мэргэжлийн бус, чадвар дутуу хүмүүсийг салбарын чухал албан тушаалуудад томилж хууль бус үйлдлээр хувьдаа мөнгө завших, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр ойр тойрны найз нөхөд, төрөл саднаа ажиллуулж төслийн мөнгө үргүй зарцуулах, тендер будлиантуулж ажил цалгардуулдаг гээд асуудал дагуулсаар ирсэн.

Өнгөрсөн жилээс эхэлсэн АТГ, аудит гээд хууль хяналтын байгууллагуудын шалгалтаар олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, худалдан авалт, тендертэй холбоотой  маш их зөрчил илэрч байгаа гэнэ.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn