
Хөтөлийн цемент шохой компаний захирал Л.Наранбаатар өөрийн нүүр номд Хөтөл ХК, цемент, одоогийн байдал, “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудлуудыг хөнджээ.
Лүндэгийн Наранбаатар
Хөтөлийг төр аваад дампуурууллаа гэх хар пиар одоо үер шиг асгарна. Маш их мөнгө хэвлэл уруу цутгаж, ард түмнийг турхирна. Лодойсамбуу гэх мэт сэтгүүлчдийг худалдаж авна, турхирна, хатгана, хазайлгана…
Үнэндээ Хөтөлийг Д. Эрдэнэбилэг угаасаа босгож ирээгүй, үнэгүй аваад, тартагт нь тултал дампууруулчихсан тул төр авч “эмчилгээ” хийж байна. 2015 оноос хойш 148 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болсон. Нэг ч сар ашигтай ажиллаагүй. Төр аваад сая харин 4, 5-р сард 4 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулсан. Гэхдээ байдал амаргүй, хүнд байгаа… Бодит үнэнийг хэлэхэд өргөс авсан мэт өнөө маргаашгүй асуудал шийдэгдэхгүй. Үр дүн ядаж жилийн дараа гарна. Стратегийн том хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Судалгаа, хөгжүүлэлт хэрэгтэй.
Сахал төрийн өмчийг луйвардаж авчихаад зөвхөн чулуунцарын цехэд нь Хятадын тоног төхөөрөмж угсарсан. Уурхай, уурхайн тээвэр, шохойн үйлдвэр, цемент үйлдвэрлэдэг хэсэгт огт хөрөнгө оруулалт хийгдээгүй. Эдгээрт хөрөнгө оруулалт хийж байж үйлдвэр ядаж 70% бэлэн байдалтай ажиллах боломж бүрдэнэ.
Сахал 1 сая.тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, 180 сая ам долларын үйлдвэр гэх авч үнэндээ хамгийн ихдээ 35%-ийн л ашиглалттай ажиллаж байжээ. Эндээс ямар муу, бэлэн байдал сул, ихэнх тоног төхөөрөмж нь хуучирч, моралийн элэгдэлд орсон нь харагдана.
Ажилчдын хүчээр, хүний хүчээр л ёстой үлгэн, салган ажиллаж байгааг нуугаад яахав, бодит үнэн…Цэвэр мөнгө угаалт…
Бид төрийн аудитад албан бичгээр хандаж санхүүгийн аудит оруулаач гэдэг хүсэлтээ өгөөд удаж байна. Хуваарь гаргаад хийнэ гэсэн…
Сэтгүүлчдийг үйлдвэртээ урьж байна, яаж хөрөнгө оруулалт хийсэн гэж худал ярьж, хулхидаж мөнгө угаасныг нь нүдээрээ үзэх хэрэгтэй байна, ялангуяа тэр Ч. Лодойсамбуу…
Дампууруулсан Сахалтай эзэн нь одоо эмчилгээ хийж буй төрийг сезоны улиралд тэртээ тэргүй цементийн дутагдал үүсдэгийг мэдэж байгаа. Ийм учир гүтгэж, харлуулах ажлаа төлөвлөсөн цагтаа эхэлж байна. Мөнгөөр бороо оруулна.
Дашрамд дурьдахад Монголд ганцхан Хөтөл цемент үйлдвэрлэдэггүй, Хөтөлөөс гадна тус бүр 1 сая.тн хүчин чадалтай гурван ч үйлдвэр Монголд ажилладаг. Хөтөл энэ жилийн зорилтондоо хүрэхэд зах зээлийн 15-20% -ийг л хангах боломжтой. 100% биш юм.
Ажлаа аваад 2 сар гаран хугацаа өнгөрөхөд үнэндээ дотоод зохион байгуулалтайгаа л зууралдаж өнжлөө. Өнөөдөр ТУЗ-ийн цалин хөлс, урамшууллын хороогоор ажилчдынхаа цалинг шинэчлэх шинэ бодлогоо хэлэлцүүлээд амжилттай болчихвол өдөр тутмын процесс ажил харьцангуй цэгцэрчих юм.
Одоо урт хугацаанд үйлдвэрийг тогтвортой, үр ашигтай, бүтээмжтэй ажиллуулах тэр төслүүдээ барьж авна. Эрдэмтэдтэй хамтран ажиллаж ахиц гаргахын төлөө зүтгэнэ.
Цементийн үйлдвэрийг цахилгаан зарцуулалт багатай, найдварт ажиллагаатай орчин үеийн тээрмээр шинэчлэх, уурхайн технологийг өрөмдлөг, тэсэлгээгүй, хаягдал, бохирдол, зардал багатай ангилан олборлолтын шинэ технологид шилжүүлэх, Шохойн үйлдвэрийг утаа баагиулдаггүй, бүтээмж өндөртэй зуухаар солих гэх мэт стратегийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай, эс бөгөөс Наранбаатараас өөр хэн ч байсан үйлдвэр сул зогсох, эвдрэх проблем шийдэгдэхгүй… Хөрөнгө оруулалт, технологийн шийдэл, санхүүжилт том сорилт болж байна одоо…