Эрээн боомтын автозам, төмөр замын чингэлэг ачилтыг зогсоожээ

Эрээн хотод тав хоногийн өмнө Covid-19-ийн дөрвөн тохиолдол батлагдаж хатуу хөл хорио тогтоосон. Гэхдээ дотоодын хөл хорионы үед хил боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Харин өнөөдрөөс эхлэн монгол руу гардаг чингэлэгт ачилт хийгдэхийг хориглосон байна. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногоос ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод хязгаарлалт тогтоосон. Батлагдсан тохиолдол одоогоор 82 болж нэмэгдсэн байна. Хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүй байгаа.

Одоогоор төмөр зам, авто боомтоор ачилт хийхийг зогсоосон. Зөвхөн Эрээний гаалийн хяналтын талбайд орж ирсэн чингэлгүүдийг авто боомтоор гаргаад, тээврийг зогсооно” гэлээ.

Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдын хэлснээр “300 чингэлгийг 10 хоногийн хугацаанд татна. Гэхдээ монгол руу гардаг чингэлэгт ачилт хийгдэхгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хүлээж авдаг байсан. Эдгээрийн 10-15 нь жимс, ногоо байсан. Энэ ачилт бүрэн зогссон. Эхний ээлжинд нарийн ногоо, жимс, жимсгэний терминалын ажилчдыг тусгаарлаад, ачилт хийж өгөх хүсэлт тавьсан” аж.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn