Эхний тунгаа хийлгүүлсэн хүмүүсийн хоёр дахь тунг нөөцөнд авч ҮЛДЭЭГҮЙ байжээ

2021-04-10

Өнөөдрийн байдлаар 608 мянган хүн эхний тун вакцинаа хийлгүүлээд байна. Шадар сайдын мэдээлснээр энэ сарын 9, 12-нд ирэх байсан Синофарм үйлдвэрийн Веро Селл вакцины 600 мянган тунг татан авах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Сэтгүүлчийн -Эхний тунгаа хийлгүүлсэн хүмүүсийн хоёр дахь тунг нөөцөнд авч үлдсэн байсан уу? гэсэн асуултад:

Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг:

ЗГ, УОК дээр ярилцаж байгаад, аль болох олон хүнд эхний тунг хийж 40-50 хувийн дархлаа тогтоовол тэр хүмүүсийг өвдөхөөс, хүндрэхээс сэргийлнэ гэсэн тактикыг барьсан. Өнөөдөр халдвар авсан хүмүүс маш хөнгөн өвчилж байгаа. 300 мянган хүнд эхний тунг хийж хоёр дахь тунг нь хадгалах уу, 600 мянган хүнд эхний тунг хийх үү гэсэн сонголт бидэнд байсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Эхний тун хийлгэсэн хүмүүст эсрэг бие үүсэж, тодорхой хэмжээний дархлаа тогтож байгаа. Улсын хэмжээнд 608 мянган хүн эхний тунгаа хийлгүүлсэн. Өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор аль болох олон хүнийг вакцинд хамруулах тактикыг барьсан.

Одоо ирэх 600 мянган тун вакцин өмнө нь хийсэн хүмүүсийн давтан тун болно. Дараагийн орж ирэх вакцинаар дараагийн хүмүүст эхний тунг хийнэ хэмээн тус тус хариулав.

Албаны хүмүүсийн мэдээллээс харахад эхний тунг хийлгэсэн хүмүүсийн хоёр дахь тунг нөөцөнд хадгалж, авч үлдээгүй байжээ.

Энэ сарын 9, 12-нд ирэх байсан 600 мянган тун вакцины ирэх хугацаа тодорхойгүй байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ