
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих эсэхээр улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийтээс санал авна. Хэрэв олон нийт дэмжвэл өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоо, улстөрийн намуудын асуудал гээд хэд, хэдэн томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөөд байна. Улс төрийн намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу УИХ-ын дарга захирамж гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан.
Тиймээс МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж албан ёсны байр, сууриа илэрхийлж байна. Хамгийн гол нь Үндсэн хуулийг өөрчлөх тодорхой үндэслэл, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Хэлэлцэх асуудлаар нарийн цаг хугацаа хэлэх боломжгүй байна. Хаврын чуулган хугацаандаа завсарлана. Хаврын чуулганы дараа эсвэл намрын чуулганы өмнө ээлжит бус зарлах байх” гэв.
УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар “Өнөөдөр хууль боловсруулах санаачлагыг нь дэмжиж байна. Үргэлжлээд хэлэлцээр явна. Процессыг эхлүүлэх эрхийг нээж өгч байна. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн үргэлжлэл явагдана. Түүнээс цоо шинэ өөрчлөлтийг хийхгүй болов уу. Одоогоор хэлэлцэх асуудал нь тодорхойгүй байна. Энэ бол зөвшилцлийн асуудал” гэлээ.