Б.Жавхлан: Коронавирусийн эсрэг 5,580,000 тун вакцины зургаан гэрээ баталгаажсан

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Б.Жавхлан вакцины татан авалттай холбоотой дараах мэдээллийг өгөв.

Б.Жавхлан “ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14,079,020 ширхэг вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5,580,000 вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3,080,000 нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8,499,000 вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ. Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна.

Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт 2 сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг ГХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа.

Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй. 5 дугаар сарын эхний 7 хоног гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэдээ эхний болон тодорхой хэмжээний 2 дахь тунг хийгээд эхэлсэн байна. 6 дугаар сарын эхэн гэхэд нийт хүн амынхаа 60 хувьд вакцины 2 дахь тунг хийж дуусгаад, 7 дугаар сарын эхэн гэхэд иргэд 2 дахь тунгаа хийлгэж бүрэн дархлаажих юм.

Одоогийн байдлаар 192,137 вакцины үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагийн байдлаар 608,103 хүн нэгдүгээр тун болон тодорхой хэмжээнд 2 дугаар тун хийлгэсэн байна” гэж мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ