
Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 31 махны үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацдаад буй.
Олон нийтийн анхаарлыг хамгийн ихэар татсан “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байсан талаар албаныхан мэдээлээд буй. Боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой байдаг байна.
Тэгвэл ийнхүү нянгийн хэмжээ их байгаа нь үйлдвэрлэл явуулж буй орчин маш бохир байгааг илтгэнэ гэж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд өнөөдөр/2022.06.03/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ тайлбарлав.
Мөн тэрбээр zarig.mn сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр “Маханд хольж байсан крахмалын асуудал яригдаж байна. Шинжилгээгээр формальдегид гэх бодис 0.00800 үзүүлэлттэй илэрсэн. Энэ бодис хүнсэнд байтугай хүүхдийн тоглоомонд ч агуулагдах ёсгүй. Тухайн бодисыг удаан хэрэглэвэл хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг. Шинжилгээний хариу манайд эцэслэгдэж ирээгүй байна. Мэргэжлийн улсын байцаагч нар үүн дээр илүү бодит арга хэмжээ ажиллах учиртай” хэмээн ярьсан юм.
“Формальдеги” хүнсэнд огт агуулагдах ёсгүй цавуу, будаг болон барилгын материалд ашиглагддаг бодис юм. Идсэн даруйд нүд, арьс, хоолой загатнадаг бол удаан хугацаанд идвэл зарим төрлийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй аж.