С.Мөнхчулуун: “МИК ОССК” ХХК нь давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн гэсэн тогтоол гарлаа

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/-ын дарга С.Мөнхчулуун Монголын Ипотекийн Корпорац /МИК/ нь зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн эсэх талаар мэдээлэл хийлээ. 

С.Мөнхчулуун “ШӨХТГ-ын ээлжит бус хуралдаан боллоо. Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийсэн. Үүний үр дүнд “МИК ОССК” ХХК нь давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн гэсэн тогтоол гарлаа. Тогтоол гарснаар МИК-д Өрсөлдөөний тухай хуульд заасан хориг хязгаарлалтыг мөрдөж ажиллах юм.

Өрсөлдөөнийг хязгаарлаж, бусад аж ахуйн нэгжийг зах зээлд гарч ирэхийг хориглох, тухайн аж ахуйн нэгж зохиомлоор хомсдол үүсгэх, нэгдэн нийлэхтэй холбоотой зохицуулалтыг дагана гэсэн үг. Тус компанийн төлөөлөлд тогтоолоо танилцуулсан.

Ноёлох үйл ажиллагааг давамгай байдалтай аж ахуйн нэгж жилд хоёроос дээш удаа явуулсан тохиолдолд татан буулгах, хуваах арга хэмжээг шүүхээр дамжуулан ШӨХТГ хэрэгжүүлдэг.

МИК-ын үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Зөвхөн өрсөлдөөнийг дэмжиж ажиллах ёстой гэдэг үүднээс тогтоол гарч байгаа. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагуудаас гаргаж байсан тогтоол шийдвэрүүдтэй холбоотой дүгнэлтийг хүргүүлэхээр ажиллаж байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А295 дугаартай тушаал буюу орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам бий. Уг журамд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд нь МИК-ын хооронд байгуулах ерөнхий гэрээнд талуудын эрх үүргийг тусгана гэж заасан энэхүү журам нь Өрсөлдөөний тухай хуульд заасан аль нэг компанид давуу байдал олгох зүйл заалтыг зөрчсөн байна.

Монголбанк, СЗХ, Засгийн газар болон бусад холбогдох газруудад ипотекийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хэрхэн зорилтот бүлэгт хүргэх талаар бодлогын зөвлөмж хүргүүлнэ” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn