Хүүхдийн тэтгэмжийг эцгийн данснаас ШУУД СУУТГАН АВДАГ байх хуулийг өргөн барилаа

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг “Гэр бүлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Жилд 3391 гэр бүлийн салалт бүртгэгдэж, үүний цаана 7000 хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хүүхэдтэй холбоотой тэтгэмжийн асуудал, төлөлтийн асуудал байдаг.

11 хүртэлх насны хүүхдийн тэтгэмжийг амьдралын баталгаажих түвшний 50 хувь хүртэлх, 11-ээс дээш настай бол амьдралын баталгаажих доод түвшнээр тогтоодог. Үүнийг бүс нутгаар тогтоохоор дунджаар 260 орчим мянган төгрөг байна.  11 нас хүрээгүй хүүхдэд 115 мянган төгрөгийн тэтгэмж тогтоож байна. Энэ мөнгө хүүхдийн эрүүл мэнд, боловсролд зарцуулж хаанаа ч хүрдэггүй. Тиймээс тэтгэмжийн хэмжээг орлоготой нь уялдуулж, орлогых нь 50-иас доошгүй хувь байхаар тусгасан.

Мөн хүүхдийн тэтгэмжийн 80 хувь нь огт төлдөггүй, 34 тэрбум төлөгдөөгүй байна. 110 мянган төгрөгөө хүртэл төлөхгүй байгаа нь эмгэнэл. Тиймээс тогтоосон тэтгэлгийг данснаас нь шууд суутгаж авах зохицуулалтыг оруулж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Манай улс шиг гэр бүл салахад ээж нь бүх ачааг үүрдэг, хүүхдийн эрх зөрчигддөг улс орон хаана ч байхгүй. Өвдвөл эмчилгээний зардал, долоо хоногт хэдэн цагийг хамт өнгөрүүлэх зэргийг хуульчилж өгсөн байдаг. Хуулийг чангатгаснаар хүүхдийн эрх ашгийг хамгаалах, цаашдаа гэр бүл хариуцлагатай байх тогтолцоог бий болгож байна. Үүргээ ухамсарлавал гэр бүл салалт багасна.

УИХ-ын гишүүн Сарангэрэл:

Төрсөн хүүхэддээ мөнгө өгөхөөс луу унжиж байгаа эцгүүд олон байгаа учраас энэхүү хуулийг санаачилахаас өөр аргагүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn