Л.Оюун-Эрдэнэ:Хөл хорио тогтоож байгаа учраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгоно

2021-04-08

Ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-наас 15 хоногийн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионд шилжихээр болсон.

Хөл хорионы хугацаанд хүүхэд болон насанд хүрсэн бүх иргэдэд 300 мянган төгрөг олгохоор боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөл хорио тавихгүй бол энэ мөнгийг өөр байдлаар зарцуулахаар төлөвлөж байна. Энэ амаргүй үед бүх бизнесийг царцааж байгаа учраас иргэн бүрд 300 мянган төгрөгийн бэлэн мөнгө тараах шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргасан.

2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн.

Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн” гэв.

Өнөөдрөөс эхлэн дансанд нь шилжүүлж эхлэхийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Дэмжлэгийг хүүхдийн мөнгө, тэтгэвэр, 1072 хувьцааны данс зэрэг улсад бүртгэлтэй данс руу шилжүүлж дуусахад 7-10 хоног шаардлагатай гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ