УИХ-ын гишүүн, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайханы санаачилгаар “Хүүхдэд ээлтэй монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Чуулганы үеэр соёлын салбарын хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх шинэлэг санал, санаачилгын талаарх “Соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээн дэх хүүхэд хамгаалал соёлын салбарын манлайлал” сэдэвт илтгэлийг Соёлын дэд сайд М.Батбаяр танилцуулав.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт Говийн түүхийн музей ашиглалтад орсон. Музей бол хүүхэд хөгжих хамгийн том орон зай. Манай музейн салбар шинэ түвшинд гаргах, орчин үеийн шаардлагад нийцсэн, хүүхэд хөгжих бодит үйл ажиллагаа явуулах боломжийг энэхүү музейгээр эхлүүлсэн гэж ойлгож болно.
Мөн Үндэсний бичиг соёлын өдрүүдийг улсын хэмжээнд зохион байгуулж, хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд онцгой анхаарч, олон жилийн дараа улсын хэмжээнд 353 нийтийн номын санг хүүхдийн ном хэвлэлээр баяжуулж байна. Орон нутгийн театр чуулгад хүүхдийн уран бүтээлийн франзайчинг нэвтрүүлж эхэлсэн.
Тухайлбал, Улсын хүүхэлдэйн театр, Баянхонгор, Дорноговь аймагт франзайчинг нэвтрүүлж үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Завхан аймгийн “Жангар” хүүхдийн жүжиг өнөөдөр улсын нийслэлд тавигдаж эхэлсэн байна.
Соёл урлагийг дэмжих сангийн 2022 оны нийт санхүүжилтийн 50 хувийг хүүхдийн уран бүтээл, соён гэгээрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж, төслүүдээ хүлээн авч үнэлэхэд бэлэн болсон.
Түүнчлэн соёлын салбарын хүүхэд хамгааллын жишиг бодлогыг боловсруулан ажиллаж байна.
Цаашид хүүхдийн соёлын орчинг нэмэгдүүлнэ. Хүүхэд, залуучуудын театрыг 2023 онд ашиглалтад оруулна. Хүүхэлдэйн театр, хүүхдийн номын сангийн шинэ барилгыг 2023 онд эхлүүлнэ. 1948 онд байгуулагдсан Хүүхэлдэйн театр өөрийн байргүй өдийг хүрчээ.
“Чингис хаан” музей, Үндэсний номын сангийн барилга ашиглалтад ороход бэлэн болж байна. Энэ онд хоёр музей, ирэх 2023 онд гурван музей ашиглалтад орно. Төрийн хэмнэлтийн хууль хэдий чухал ч хүүхэд хөгжлийн орчинг хумьж болохгүй. Сумдын соёлын төв бол орон нутгийн иргэдийн соёл гэгээрлийн, хүүхэд хөгжлийн маш том орон зай тул Засгийн газар шийдвэрээ эргэн харж байгаа.
Үндэсний өв соёл шингэсэн цахим контентуудыг үйлдвэрлэхэд бодлогоор дэмжинэ. Хүүхэд, өсвөр үеийнхэнд өөрийн соёлын дархлааг олгосноор бусдын соёлын хүчтэй нөлөөллөөс хамгаалагдана гэж үзэж байгаа.
Цаашид Соёлын салбарын зүгээс дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр амлалт өгч байна.
1.Хөшиг нээгдэх бүрд нэг мессэж. Соёл урлагийн үзвэр үйлчилгээний эхэнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үүргийг сануулсан уриалга, мессэжийг хүргэдэг болно. Кино эхлэхийн өмнө соёлтой үйлчлүүлэх тухай эелдгээр илэрхийлдэг шиг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулах мессэжийг сонирхолтой, хүртээмжтэй байдлаар хүргэнэ.
2.Соёл, урлагийн үзвэр үйлчилгээний тасалбарын үнийн нэг хувийг хүүхдийн хөгжлийн төлөө зарцуулах “Нэг хувийн санаачлага”-ыг эхлүүлнэ.
“Өгье гэвэл ганцаасаа” гэсэн ардын үг бий. Соёл урлагийн 460 байгууллага маань энэ санаачлагыг талархан, хүлээн авсан. Бид энэ нэг хувийн мөнгийг татаж төвлөрүүлэхгүй. Энэ мөнгөөр хүүхдийн төлөө ямар ажил хийснээ соёл урлагийн байгууллагууд жил бүрийн аравдугаар сарын 25 гэхэд яаманд ирүүлнэ.
Энэ зургадугаар сарын 1-нээс дээрх амлалтууд бодит ажил болж эхэлнэ. Хувийн хэвшлийн соёлын байгууллагууд маань энэхүү уриалгыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бусад салбаруудаа ч гэсэн нэг хувийн санаачилгад нэгдэхийг уриалж байна” гэлээ.