Г.Ёндон: Чингэлэг тээврийн терминалуудаар нэг сард таван сая тонн нүүрс гаргана гэж төсөөлж байгаа

Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажиллаж буй. Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлт өчигдөр боллоо. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Г.Ёндон “Өнөөдрийн байдлаар уурхайн аман дээр их хэмжээний нүүрс бөөгнөрсөн. Учир нь гарц гарахгүй байна. Боомтын сэргэлтийн хүрээнд гарцууд нээгдээд, төмөр зам ажиллаад эхлэхээр уурхайчдад үүрэг, хариуцлага нэмэгдэнэ.

Дэлхий дахинд нүүрснээс татгалзах бодлого хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр бидэнд цаг үетэй уралдаж ажиллах шаардлага тулгарч буй бөгөөд энэ хүрээнд ил уурхайнуудаа нэн яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Мөн далд уурхайгаа ашиглах ажлыг зэрэг эхлүүлэх гэж байна.

Төсвийн тодотгол саяхан хийгдсэн. 2021 оны эхний хагас жилд төлөвлөгөө 50 хувиар тасарсан. Тиймээс ногоон гарцын журмыг тус оны наймдугаар сард эхлүүлсэн. Үүний үр дүнд нэг сарын хугацаанд таван сая орчим тонн нүүрсийг экспортод гаргасан. Гэтэл оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм хэмжээний нүүрс л гаргасан байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд чингэлэг тээврийн терминалуудаар нэг сард таван сая тонн нүүрс гаргана гэж төсөөлж байгаа. Гашуунсухайт боомт бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортод маш чухал боомт. Тиймээс экспортын гарцын бөглөөсийг авах бүтээн байгуулалтын ажил нээлтээ хийж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn