Оросын төв телевизээр автозамын хамгийн “муу жишээ”-гээр Дарханы замыг нэрлэв

2022-05-27

Аль 2019 онд ашиглалтад орох хуваарьтай байсан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Тэгвэл Дарханы замын асуудал Оросуудын чихэнд хүртэл хүрчээ.

Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч гэгддэг хөтлөгч Владимир Соловьевын “Вечер” нэвтрүүлгийн Лхагва гарагийн дугаарт оролцсон ОХУ-ын төрийн Думын дэд дарга Константин Затулин хөрш орнуудыг холбосон зам тээврийн асуудлыг ярих үеэрээ хамгийн муу жишээгээр Монгол, тэр дундаа Дарханы замыг нэрлэв.

Тэрбээр “Сарын сүүлээр би Монголд уригдсан юм. Тэгэхдээ би Монголд очих боломжгүйг олж мэдсэн. Тийшээ онгоц нисэхгүй байна. Зам ч байхгүй байна. Улаан-Үд хүртэл нисээд цаашаа хил хүртэл машинаар явна. Тэгээд хилээр гараад 200 км замгүй. Манай хилээс Улаанбаатар хүртэл зам байхгүй шүү. Эх орны дайны үеэр монголчууд бидэнд чадах ядахаараа тусалж байсан… Бид ч үүнд нь талархаж явдаг. Гэтэл энэ олон жилийн хугацаанд бид яагаад Монголтой хэвийн замаар холбогдож болоогүй юм бэ?” хэмээн ярьжээ.

Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Соловьев “Мориор явахгүй яасан юм бэ?” гэж хошигноход нэвтрүүлэгт оролцогсод инээлдсэн байна.

Холбоотой мэдээ