Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй, мэдээж Ерөнхийлөгч шаардлага тавьж, хянах эрхтэй

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.

Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнөөдөр үдээс өмнөх хурлаар нэг асуудал хэлэлцээд завсарлах юм байна. Тиймээс шахуу ажиллах ёстой. АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхэд УИХ-ын дарга идэвхтэй ажилламаар байна. Хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг хэлэлцэж нэг талд нь гаргаач. Унаж яваа машин нь хуурамч шатахуунаас болж эвдрээд байх уу. Энэ асуудлыг тоохгүй байгаа төр ямар гэгчийн төр вэ. Иргэдийн машины хохирол хэчнээн тэрбум, их наядаар гарах вэ. Хуурамч шатахууны хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна.

Хоёрт,  НӨАТ-ын тухай хууль. Хөл хорионы үед тодорхой хэмжээний орлого багассан энэ үед НӨАТ-ыг таван хувь болгох. Буцаалт нь хоёр, төлөх нь гурван хувь. Болохгүй бол өндөр, тансаг хэрэглээ дээр 10 хувь хэвээр байлгах хэрэгтэй байх. Хэлэлцүүлгийн хувьд олон төрлийн хувилбарыг хэлэлцэж болно” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн хэлэлцэх асуудлын тоо нь цөөн ч агуулга нь өргөн. Даргын дэргэдэх зөвлөлөөр хуулиудын асуудлыг ярилцсан. Энэ асуудлыг Байнгын хороон дээрээ ярилцах хэрэгтэй. Татварын хууль болох анхдагч хуулийг гишүүд санаачлах эрхгүй. Зөрчилтэй байна гэж үзэж байгаа учраас энэ хууль орж ирэхгүй байгаа юм” гэлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийг сахиулах баталгаа болж байх ёстой Үндсэн хуулийн Цэцийг байгуулах, түүний гишүүдийг томилж, чөлөөлөх асуудалд УИХ дур зоргоор хандаж, Үндсэн хууль болон бусад хуульд байхгүй эрхийг эдэлж байна гэж үзэж байгаа юм.

Ерөнхийлөгчийн уг хоригийг Байнгын хорооны хуралдаанаар хүлээн авах боломжгүй гэж үзэж байгааг илэрхийлсэн юм. Харин АН-ын бүлгийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Цэцийн гишүүдийг томилох асуудалд Ерөнхийлөгч давуу эрхтэй оролцох эрхтэй. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй. АН-ын гишүүд тэгж ойлгогдохоор юм ярьж байна. Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл бол байхгүй. Хэлэх үгээ хэлэх боломжтой. Мэдээж Ерөнхийлөгч шаардлага тавьж, хяналт тавих эрхтэй”.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нэг жил дөрвөн сар солиогүй Цэцийн гишүүнийг 3-4 хоногт солих гэж байгаа нь өөрсдөдөө тохируулж хуулийг өөрчилж байна. Одоогоор Цэцийн гишүүд 10 болчхоод байна. Үүнд тайлбар өгөөч. Мөн Байнгын хороо дээр санал хураагаагүй хоёр заалт УИХ дээр шууд орж ирсэн. Энэ нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн. Ингэснээр та нар хоорондоо зөрчилдөж эхэлнэ. С.Бямбацогт гишүүн та үүнд тайлбар өгнө үү”.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бүгд жишгийн дагуу явсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Одоогоор хориг хүлээгээд авчихвал Цэц 10 гишүүнтэй болчихно. Томилсноор дараагийн гишүүний эрх дуусгавар болно”.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Асуулт асуухаар худал зүйлийг улиг болтол ярих болохоор асуулт асуулгүй саналаа хэлнэ. Цар тахал гарснаас хойш 1.4 жил боллоо. Энэ хугацаанд цахимаар хуралдаж, шаардлагатай бус зүйлийг хэлэлцэж, баталж байна. Гэнэт өнөөдөр яагаад тахимаар хуралдах болов. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болохоор л танхимаар хуралдаж байна. Ерөнхийлөгчтэй эрх мэдлийн тэмцэл хийж байна. Асуултаар далимдуулж худал тайлбар ярьдгаа боль. Ард түмэн бүгдийг харж, мэдэрч байгаа. Covid-19-өөс болж ард түмэн гудамжид гарахад бэлэн байна шүү. Цэцийн гишүүний асуудал нэг жил дөрвөн сар зүгээр явж байснаа яагаад одоо оруулж ирж байна вэ. Энэ үйл явц зүгээр таарлаа юу, Та нар тааруулж байгаа шүү дээ” хэмээв.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ