Сүхээр цохисон ч унахгүй гэдэг шиг хариуцлага хүлээдэггүй сайд дарга нар

Монгол улсад сүүлийн 30 гаран жилийн түүхэнд энэ удаагийн Ерөнхий сайд хамгийн их эрх мэдэлтэй гэх. Гэвч ажлаа хийж чадахгүй байгаа нэгэнд хариуцлага тооцохгүй, тухайн салбарыг тартагт нь тултал унагаах гэсэн мэт чимээгүй суух нь гайхмаар. Тэр ч бүү хэл хэн нэгнийг огцруулахгүй гэж мэдэгдээд сууж байх.

Засгийн газарт огцорвол огцрох цаг нь хэдийн өнгөрчихсөн сайд нар цөөнгүй байна. Бүр өөрөө огцрох өргөдлөө өгөх тухайгаа мэдэгдчихээд байхад нь л огцруулахгүй байгаа нь гайхмаар.

Зам тээврийн сайд Л.Халтар хэмээгч Зүүнбаянгийн төмөр замыг энэ оны 4 дүгээр сард ашиглалтад оруулж чадахгүй бол огцорно гэсэн. Гэтэл 4 биш бүр 6 дугаар сар болчихоод байхад огцорсон ч үгүй. Нэмээд баахан хэл аманд орчихоод сууж байна. Л.Халтарыг Дарханы замыг дуусгаж чадаагүй, тэр төмөр замуудаа дуусгаагүй бас тэр Замын-Үүд дэх чингэлэг тээврийн асуудал гээд огцруулах хангалттай шалтгаанууд байна.

Манайхан Замын-Үүдийн асуудлыг ярьж байхын сацуу хятад улс хил, гаалийнхаа баахан албан тушаалтнуудыг авлигын хэргээр баривчилж, хорьсон. Гэтэл тэдэнтэй хамтарч байсан манай талынхан яав. Бүр хятадын хэвлэлд саятан болсон монголын хоёр сайд хэмээн бичигдсэн ч Засгийн газар эс мэдэгч болон суусаар. УИХ-ын гишүүд ч асуудлыг ярихгүй байна.

УИХ ч, дарга нь ч өөрийнхөө томилсон этгээдийг бас хариуцлага тооцож огцруулахгүй суусаар л. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гээчийг хэдий болтол толгойг нь илэх юм бол. Улаан цагаан бизнесийн бүлэглэлийн гар хөл болж яваа Б.Лхагвасүрэнг УИХ-ын зарим гишүүд байнга шүүмжилж байгаа ч Г.Занданшатар хариуцлага тооцох тухай огт ам ангайхгүй аж. Тэр байтугай Ерөнхий сайд нь хүртэл Б.Лхагвасүрэнг огцруулахгүй гэх. Ер нь Б.Лхагвасүрэнг өөрөө томилчихсон юм шиг байх.

УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд энэ хүмүүстээ хариуцлага тооцохгүй бол тухайн салбарууд улам л унаж уруудах нь ойлгомжтой.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn