Украин дахь довтолгоогоо удааширсныг энгийн иргэдийг нүүлган шилжүүлэх боломж олгохын тулд хэмээн Шойгу тайлбарлажээ

Украины дорнод хэсэгт явуулж буй байлдааны ажиллагаа нь яагаад удааширсан талаар ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр тайлбарлалаа.

Тэрбээр Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцохдоо энэ тухай ярьсныг РИА Новости агентлаг дамжуулав.

“Байлдааны бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан гал зогсоож, хүмүүнлэгийн коридор гаргах ёстой. Мэдээж үүний улмаас довтолгоо удаашрах нь тодорхой ч энгийн иргэдийн амь насыг хамгаалахын тулд ингэхээс өөр арга байхгүй” гэж Шойгу ярьжээ.

Шойгу бас Украинд явуулж буй байлдааны ажиллагааны үеэр Оросын зэвсэгт хүчин иргэний зориулалттай байгууламжуудад цохилт өгөхөөс зайлсхийж байгааг энэ үеэр ярьсан байна.

Гэвч энэ дайнд энгийн иргэд маш ихээр хохирч байгаа талаар баримтыг Украины тал байнга мэдээлж байгаа.

Дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Оросын талаас саад учруулж буй гэсэн мэдээллийг өгч байна. Донбассын фронтод Оросын цэргийн довтолгоо удааширсныг ч Украин болон Өрнөдийн албаны эх сурвалжууд өөрөөр тайлбарлаж байгаа.

Шойгу өчигдөр хэлсэн үгэндээ тус улсын зэвсэгт хүчний явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” нь Украин дахь геноцидыг зогсоох, Украиныг цөмийн зэвсэггүй, төвийг сахисан орон болгох зорилготойг ч тайлбарлав.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn