
Газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн нийслэлийн Ерөнхий боловсролын 122 дугаар сургууль сурагчдаа орчны бохирдолгүй цэвэр орчинд сургаж, хэрэглээний зардлаа хоёр дахин хэмнэдэг болжээ.
Тус сургууль нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт АХБ-ны санхүүжилтээр баригдсан 640 сурагчтай анхны эко сургууль юм. Тус сургуулийн үндсэн барилгын нүүрсээр галладаг нам даралтын зуух бүхий халаалтын системийг улсын төсвийн санхүүжилтээр (Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсөв) газрын гүний дулааны насосоор сольж, 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг доголдолгүй, хэвийн ажиллаж байна.
Өмнө нь сард 20-23 саяын нүүрсний зардал гардаг байсан бол гүний дулаан ашиглаж эхэлснээр сард 9-10 саяын өртөг гарч, ашиглалтын зардал хоёр дахин багассан байна.