
Молдавын ерөнхийлөгч асан Игорь Додоныг 72 цагийн хугацаатай саатуулсан тухай Sputnik Молдова мэдээллээ. Үүнээс өмнө гэрт нь нэгжлэг хийжээ. Идэвхгүй авлига, улс төрийн намаас санхүүжилт авсан, хууль бусаар хөрөнгөжсөн, эх орноосоо урвасан гэсэн дөрвөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
“Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Додоны байшин болон зарим байранд нэгжлэг хийсэн байна. Түүнийг 72 цагийн турш саатуулсан” гэж Молдавын Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Марианна Керпек сэтгүүлчдэд мэдэгджээ.
Экс ерөнхийлөгчийн энэ оны 2-р сард байгуулж, удирдаж байсан Молдав-Оросын бизнесийн эвлэлийн оффис зэрэг нийт 12 байранд нэгжлэг хийсэн гэж тэрээр тодруулсан байна. Мөн улстөрчийн зуучлагчдын үл хөдлөх хөрөнгийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Тавдугаар сарын 18-нд Молдавын Ерөнхий прокурорын газар ноён Додоныг бизнесмэн Владимир Плахотнюкээс авлига авсан байж болзошгүй хэмээн сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүний шалтгаан нь 2019 оны видео бичлэг байжээ. Бичлэгт ноён Плахотнюк тухайн үед ерөнхийлөгч байсан Игорь Додонд хар боодолтой зүйл өгөхийг завдсан байна. Улстөрч илгээмжийг аваагүй ч “Дахин хэлэхэд та цүнхтэй байна. Костя-д өг, маргааш тэр Корнелд өгөх болно, учир нь маргааш би таван цагт нисэх болно. Даваа гарагт тэрээр цалингаа өгөх ёстой” гэсэн байна. Бичлэгийг нийтэлсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн ч прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэжээ. Ноён Додон бүх буруутгалыг үгүйсгэж байгаа аж.